АН-аас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол улс бараг 30 дахь сардаа хоёр оронтой тоотой инфляцтай явж байна. Ийм байхад хажуугаар нь эдийн засгийн өсөлт, нүүрсний борлуулалт зэрэг олон зүйл яриад бүх зүйл утгагүй. Үнэ цэн, баялаг, орлого бүх зүйл үнэгүйдэж байна. Нөгөө талд нь эрх баригчид эдийн засаг өсөж байна гэдэг. Бодит байдалд бодлогын хүү нь өндөр, бизнесүүд мөнгө хожихгүй, зөвхөн төр, төсөв, төрийн өмчит компани мөнгөтэй. Бизнесүүдэд мөнгө олддоггүй, зээл олддоггүй.
Мөн “Ногоон автобус”-ны талаар бүлгээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ. Хамгийн гол асуудал нь зөвхөн нэг компани тендерийн хуулиа зөрчиж, техникийн шаардлагад нийцээгүй техник, хэрэгсэл аваад ирсэн төдий асуудал биш болж хувирлаа. Бараг мафын шинж чанартай боллоо. Өнгөрсөн хугацаанд шууд худалдан авалт гэдэг нэршил гарсан. Энэ нь нээлттэй тендер зарладаггүй, олон нийтийг оролцуулдаггүй. Тэр байтугай олон улсад нээлттэй тендер зарлах асуудалд шууд хаалттай гэрээ хийдэг. Шууд гэрээ хийж байгаагаа улсын нууц гэдэг. Өмнө нь нүүрсний зэрэг нэртэй 20 орчим их наядын асар олон гэрээ одоо хүртэл ил болоогүй байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэчнээн нууц гэрээ хийсэн бэ гэдэг асуудал гарч ирж байна” гэв.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “АН-ын зүгээс дараах шийдвэрүүдийг гаргаж байгааг танилцуулъя.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ ажлын хэсэг нь энэ асуудлуудтай холбоотой ажлыг бүхэлд нь дүгнэж, дуусах хүртэл нь ажиллана.
Хоёрдугаарт, энэ асуудал маш ойлгомжтой байгаа учраас Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооц гэсэн саналыг АН-аас хүргүүлж байна.
- Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг ажлаас нь чөлөөлөх ёстой.
- Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг мөн ажлаас нь чөлөөлөх ёстой.
- Мөн Тагнуулын Ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу энэ гэрээг нууцад оруулсан учраас ТЕГ-ын даргын хийсэн үйл ажиллагаа, зөвлөмжүүд хуульд нийцсэн эсэхийг хянах. Хууль зөрчсөн байвал ТЕГ-ын даргыг огцруулах зэрэг саналыг АН-ын зүгээс Ерөнхий сайдад тавьж байна.
Гуравдугаарт, УИХ-д Хяналтын хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд маш олон нөхцөл шалтгааны улмаас маш олон тендерийг шууд нууцад авч байгаад хийсэн. Үүнд татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан, авлигал хээл хахууль тогтсон бүтэц бий болгож, цавчсан байж болзошгүй тул ийм дэд хороо байгуулах асуудлыг АН-ын бүлгийг гишүүдэд даалгасан зэрэг шийдвэрүүдийг гаргасан” гэлээ.