БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын XIX наадмаас Монголын баг тамирчид гурван мөнгө, найман хүрэл, нийт 11 медаль хүртэж, медалийн тоогоор 15 дугаарт, медалийн чанараар 25 дугаарт эрэмбэлэгдэж байна.
"Ханжоу -2022" Азийн наадмаас хийн урт бууны эмэгтэй баг ( О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагалсан бол жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Ё.Басхүү, -100 кг-ийн жинд Б.Гончигсүрэн нар мөнгө, 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам , +78 кг-ийн жинд А. Адьяасүрэн нар хүрэл, мөн жүдо бөхийн холимог багийн төрөлд Монголын баг хүрэл медаль тус тус хүртээд байсан.
Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд О.Есүгэн хүрэл, кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Ц.Батцэцэг хүрэл, 3х3 сагсан бөмбөгийн (U23) эмэгтэй баг мөнгө, эрэгтэй баг хүрэл медаль авлаа.