ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
ХҮН намын дарга Т.Доржханд, “Энэ чуулганаар маш олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Нийгэмд тулгамдаж буй томоохон асуудлууд буюу нүүрсний хулгайн асуудлын нээлттэй сонсголыг аравдугаар сард багтаж хийх болов уу гэж бодож байна. Мөн Монгол Улсын төсвийн асуудал байна. Сонгуулийн жил төсөв тэлдэг. Үүнд ХҮН намын эдийн засагчид байр сууриа иргэдтэй хуваалцаад явна. ХҮН нам зөв бодлогыг дэмжиж, буруу зүйлийг эрс шүүмжилж, иргэдтэйгээ цуг байна.
Иргэдийг маш их бухимдуулж буй “Цавчаа ногоон” буюу нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой асуудал байна. Ямар ч үндэслэлгүйгээр нууцад оруулдаг. Нууцын шийдвэр нь Засгийн газарт гараагүй, буцаасан байна. Нууцад авах зүйтэй гэдэг зөвлөмжид үндэслэн нууцаар худалдан авалт хийсэн тохиолдол монголд газар авлаа. Нүүрс авлаа, нүүрсээр төмөр зам барьлаа гээд түүнийгээ нууцад оруулдаг. 18 их наяд төгрөгөөр долоон оффтейк гэрээ нууцалсан. Одоо хүртэл тэр нь ил болоогүй байна. Ийм байдлаар нууцалж явсаар иргэд нь ч, Их Хурлын гишүүд нь ч мэддэггүй. Одоо хангалттай” гэв.
НИТХ дахь ХҮН намыг бүлгийн дарга Д.Гантулга, “ХҮН намын бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Daewoo компанийн дэд ерөнхийлөгч гэх Ким гэж солонгос хүн хэвлэлийн хурал хийж, цоо шинэ автобус хуучин юм шиг харагдсанд уучлаарай гэсэн утга бүхий тайлбар хэлж, уучлалт гуйсан. Үргэлжлүүлээд “Хуучин гэж ярьж байгаа монголчуудыг, арлын дугаарыг оруулаад шалгахаар 1993 он гэж гарч ирээд байна гэсэн мэдээлэл тараасан хүмүүсийг шүүхэд өгнө” гэсэн.
Бидний харж байгаагаар энэ асуудал нь хил дамнасан, мөнгө угаах, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байж болзошгүй тул энэ асуудлыг шалгуулна. Бид энэ асуудлыг хариуцаж буй МАН-ын намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандаад байна. Мөн солонгосын талын Daewoo компанийг БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулж, Солонгосын прокурорын газраар шалгуулахаар болсноо энд мэдэгдэж байна” гэлээ.