“Эрдэнэс Таван Толгой” компанийн гадна нүүрс тээвэрлэгчдийн “Монгол Тээвэр нэгдэл"-ийнхэн хууль хэрэгжүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийллээ
Тээвэрчид эсэргүүцлийн цуглаан дээр “Төрийн өмчит компани төрийн шийдвэрийг хэрэгжүүл! ШИЛЭН БАЙ!”, “Хууль биелүүлдэггүй нь од болж, хуулиа сахисан нь гууль болж байна”, “БЭТ хоёр нүүрээ боль, 5Ш, шилэн ажиллагааг бодитоор хэрэгжүүл!”, “ЗТХЯ нь ажлаа хий, автотээврийн хуулийг хэрэгжүүл, хяна!”, “Бид төрийн бодлогыг дэмжмээр байвч хүнд сурталтнууд саад болсоор байна”, “Өргөтгөсөн тээвэр гэх залилангийн аргаар өөрсдөд нь ашигтайд л давуу тал олгож байгааг зогсоо!” гэх зэрэг шаардлагуудыг бичгээр илэрхийлжээ.
Тээвэрчид “ЭТТ ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа ч Засгийн газрын 5Ш ажиллагаа, Боомтын сэргэлтийн бодлогыг БЭТ нь огт хэрэгжүүлэхгүй байгаа юм. Учир юу гэхээр ЭТТ ХК тээврийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулахгүй, ойлгомжгүй, “С” зөвшөөрөл шилэн биш байна. Шалгаруулалтыг хийхдээ татвар, нийгмийн даатгал төлөлт, хууль хэрэгжүүлэлт зэрэг үзүүлэлтийг харгалзалгүй хавтгайруулан тэгшитгэж олгож байгаа нь гажуудал үүсгэж, нэгдсэн цахим системд оруулахыг хүсэхгүй байгаагаас төсөвт орох орлогыг асар их хэмжээгээр бууруулж байна.
Хууль биелүүлдэг аж ахуйн нэгжүүд хууль биелүүлдэггүй, татвар шимтгэл бүрэн төлдөггүй аж ахуйн нэгжүүдтэй адилтгах нөхцөлөөр хувь тэнцүүлэн зөвшөөрөл олгож байгаагаас ихээхэн хохирч, шударга ёс алдагдан, хууль мөрдөх сонирхол нь эрс буурч байгаа юм. Харьцуулахад ЭТТ компанийн биржээр арилжаалсан нүүрсний ашиг багатай тээвэрлэлтийн 70 орчим хувийг Монгол тээврийн компаниуд асар бага үнээр гүйцэтгэдэг. Гэтэл өндөр ханштай Хил дамнасан тээвэрлэлтийг зүсээ хувиргасан гадны компаниуд, цүнх баригчид, банкны салбарын цагаан захтнуудын компаниуд хийж шударга компаниудыг шахаж, ажлын байрыг нь булааж байна. Төрийн өмчийн компани хууль мөрдөх нь нэн тэргүүний үүрэг байдаг бөгөөд тэд Монгол Улсын Авто тээврийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Гэтэл удирдах, хянах ёстой Зам, тээврийн хөгжлийн яам нь ажлаа хийхгүй,тэдний ажлыг уул уурхайн компани өмнөөс нь гүйцэтгэж байна.
Засгийн газрын 5Ш ажиллагааг хил орчмын бүсэд огт хэрэгжүүлэхгүй, автотээврийн тухай хуулийг авилгачид гууль болгож байна” гэж байв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.