Словакын ээлжит сонгуульд Роберт Фикогоор удирдуулсан Кремлийг дэмжигч “Смер” нам парламентад хамгийн олон суудалтай боллоо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлснээс хойш Словак нь Украины үнэнч холбоотнуудын нэг байсаар ирсэн. Тэд газар нутгаараа хиллэдэг ба Словак нь Украинд анх агаарын довтолгооноос хамгаалах систем илгээсэн орнуудын нэг бөгөөд Украины хэдэн мянган дүрвэгсдийг хүлээж авч байсан юм. Харин Роберт Фико тэргүүтэй түүний нам нэн тэргүүнд Украинд үзүүлэх цэрэг зэвсгийн тусламжаа зогсооно гэдгээ мэдэгдлээ.
Өмнө нь ерөнхий сайдын алба хашиж байсан тэрбээр Кремлийн талаарх үзэл бодлоо нуудаггүй нэгэн бөгөөд “Украины фашистууд В.Путиныг Украинд дайн эхлүүлэхэд өдөөн хатгасан” гэж буруутгаж байсан удаатай. Роберт Фико нь мөн Украиныг НАТО-д элсэхийг эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж ирсэн нэгэн.
Тэрбээр 10 гаруй жил Словакийн ерөнхий сайдын алба хашиж байсан туршлагатай. Гэвч 2018 онд эрэн сурвалжлах сэтгүүлч Ян Куциакын амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа суудлаасаа огцорч байв. Тэрбээр одоо дараагийн засгийн газраа байгуулахын тулд эвслийн яриа хэлэлцээ эхлүүлэх төлөвтэй байна.
Сонгуулийн үр дүн НАТО-гийн холбоотон орнууд болон Европын холбоонд тийм ч сайн мэдээ биш юм. Нөгөө талд, Оросуудад “элгэмсэг” хандах уламжлалтай Словакчууд сонгуулийн үр дүнд таатай байгаагаа цахим сүлжээнд илэрхийлж байгаа аж. Роберт Фикогийн нам хэдий парламентын сонгуульд саналаараа тэргүүлсэн ч засгийн газар байгуулахын тулд бусад эвслийн тусламж дэмжлэг авах шаардлагатай байгаа. Ялангуяа, Дэвшилтэт Словак нам тэргүүтэй либерал намуудтай нэгдэж, засгийн газар байгуулах нь дараагийн сорилт болж буй. Тус нам нь ногоон хөгжил, ЛГБТИК+ хөдөлгөөнийг дэмжиж, Европын Холбоотой үзэл санааны хувьд нэгдсээр ирсэн бол Смер нам нь дээрх асуудлуудыг “либерал фашизм” гэж үзэж, үүний оронд тогтвортой, дэг журамтай нийгмийг бүтээхийг илүүд үздэг билээ.
Эх сурвалж: BBC