Өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн наймдугаар хороонд дөрвөн хүн угаартаж нас барлаа. Галлагааны улирал эхлэж буйг сануулж байгаа мэт жил бүрийн энэ үед хүмүүс угаартаж амиа алдах нь байх ёстой тогтмол зүйл шиг болоод олон жилийн нүүрийг үзэж буй. 2022 онд мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр угаарын хийн хордлогод өртөж дуудлага ирүүлсэн 2591 тохиолдол байсан. Үүнээс 321 хүн угаартаж амиа алдсан байгаа юм. Уг нь утаа буруулж, шахмал түлшээ сайжруулахаар аль дөрвөн жилийн өмнө 456 тэрбум төгрөгийг бид зарцуулсан ч, энэ их мөнгө үргүй зардал болоод дууссаныг бид мэднэ. Ингээд өвөл болж хар дарсан зүүд шиг өдрүүд биднийг хүлээж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байсныг өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтүүд харуулсаар байв. Судалгааг эргэн сануулбал, Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-ноос 8-ныг хүртэлх үзүүлэлтээр агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ зөвшөөрөгдсөн стандартаас даруй 10 дахин хэтэрсэн юм. Тодруулбал, зурагт орчимд хүхэрлэг хийн агууламж 11,4 дахин хэтэрчээ. Хүхэрлэг хийн хэмжээ агаарт 50 микрограммаас хэтрэхгүй байх ёстой ч 7 хоногийн дундаж үзүүлэлтээр 174 микрограмм, 24 цагийн дундаж үзүүлэлтээр 572 микрограмм гарч байв. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг орчимд агаарын чанарын индекс 24 цагийн турш 500 давж, маш их бохирдолтой гэсэн үзүүлэлтийг заасаар байсан юм. Ийм агаараар удаан амьсгалснаар дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг байнга илэрч байгааг иргэд тухайн үед хэлж байсан. Тэгвэл хүйтний эрч чангарах бүрийд "танил дотно үнэр" мэт мэдрэгдэх угаарын хий ихэссээр байна.
Дэлхий дээр жил бүр 4,2 сая хүн гадаад орчны бохирдлын улмаас нас барж байна. Найман нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй хэмээн тогтоожээ. Харин Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй хэмээн судлаач Г.Энхжаргал нар дурджээ. Уг нь, агаар дахь PM10 тоосонцрын хэмжээг бууруулснаар зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 15 хувиар бууруулах боломжтой гэж үздэг. Гэвч манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод агаарын чанарын үзүүлэлт сайжрахгүй байна.
АГААРЫН БОХИРДОЛ ХАВДРЫН ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ
НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувдын судалгааны тайлангаас харахад агаарын бохирдол хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байгааг тогтоожээ. Тухайлбал, агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд, зүрх судасны эмгэгийн 20 хувь, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь, уушги, зүрх уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28,8 хувь, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байгааг тогтоосон байна.
Мөн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоожээ. Агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ буурах тусам амьсгалын замын өвчлөл даган буурч, улмаар эмнэлэгт хэвтэх хувь хэмжээ саарч байгааг тогтоосон байна.
Улаанбаатар хотод 2019 оноос сайжруулсан шахмал түлш нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулсан гэж эрх баригчид тайлбарладаг. Улмаар бохирдлыг 80 хувиар бууруулна гэж амлаад буй. Гэвч үнэн хэрэгтээ агаарын бохирдол буураагүй, ханиад томуугийн өвчлөл дээд цэгтээ хүрэх хар дарсан өдрүүд биднийг отон хүлээж буй юм. Амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, ажиллаж, амьдарч буй ийм нөхцөлд иргэд олон жилийн нүүрийг үзэж байхад төр чимээгүй харсаар суух уу?