“Хэцүү анги” ОАУСК-ны Зулаагийн дүрээр олонд танигдсан Аримун продакшны жүжигчин, СТА А.Ганчимэгийг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урилаа. Энгийн яриа, хөөрхөн инээмсэглэлээр өөрийгөө чимсэн тэрээр амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр нь жүжигчин мэргэжлээ сонгосон явдал гэв. А.Ганчимэг аливаа зүйлд хариуцлагатай, үнэн байхыг эрхэмлэж, чин сэтгэлээсээ хичээж ажиллах дуртай гэдгээ хуваалцсан юм.
ЖҮЖИГЧИН МЭРГЭЖИЛ СОНГОСОН НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР БАЙСАН
А.Ганчимэг анх таван настайдаа хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байжээ. Дараа нь циркийн уран нугаралтын дугуйланд орж, түүний дараа хүүхдийн ордны драмын дугуйланд явжээ. Энэ дугуйландаа арван жилээ төгстөл зургаан жил суралцсан байна. Урлаг хөөхийн хажуугаар хичээлдээ ч маш сайн хүүхэд байсан гэдэг. “Хичээлээ сайн хийж, ангийнхандаа хуулуулдаг байсан” гээд хөгжилтэй дурсамжаа хуваалцсан юм.
“Арван жилээ төгсөх болж, хүмүүс мэргэжлээ сонгоно доо. Би яах билээ гэж бодож байтал аав “Чи СУИС-д орно биз дээ. Жүжигчин болно биз дээ” гэхэд нь “Тэгнэ тэгнэ. СУИС-д орно” гээд л… нэг их эргэлзээгүй, удаан бодоогүй, шууд л шийдсэн. Амьдралдаа гаргасан шийдвэрүүдээс хамгийн их баярладаг нь би мэргэжлээ зөв сонгосон явдал. Хүн бүрд маш олон эргэлзээ байдаг. Яаж ч бодсон, юунд ч эргэлзэхгүйгээр яг л энэ зөв дөө гэж бодсон зүйл бол миний мэргэжил сонголт" гэсэн юм.
ДРАМЫН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛСОН ТҮҮХ
А.Ганчимэг их сургуулиа төгсөөд драмын театрт ажиллаж байв. Тэр “Драмын театрын сонгон шалгаруулалт болоод, би Чингүүн найзынхаа шалгалтад нь зүгээр туслахаар очсон байсан юм. Гэтэл “Хүүе байж байгаарай. Чи хэн билээ” гээд Наранбаатар найруулагч дуудсан. Би “Ганчимэг” гэхэд, “Чи яагаад шалгалт өгөөгүй юм” гэж асуулаа. Би арай төгсөж амжаагүй байгаа юм аа гээд өнгөрсөн. Тухайн үед маш олон хүн шалгалт өгч байсан. Шалгалтын дараа хэдэн хүүхдийн нэр дуудаад, ороод ир гэсэн. Тэр дунд нь миний нэр байсан. Би гайхаад “Би төгсөөгүй, шалгалт өгөөгүй, чи шалгалт өгөхгүй яасан юм гээд л намайг загнах гэж байгаа юм болов уу” гэж бодоод хамт ороод л зогстол “Та нар энэ удаагийн шалгалтад тэнцлээ. Театрт орох боломжтой боллоо” гэсэн. Би “Надад ч хэлээгүй байх даа. Тэгж байгаад надад нэг юм хэлэх юм байлгүй” гэж бодоод л зогсож байлаа. Хамгийн сүүлд нь надад хандаад “Чи шалгалт өгөөгүй. Гэхдээ чамайг театрт урьж байна. Хэрвээ чи зөвшөөрвөл драмын театрт орж болно” гэж хэлсэн. Тухайн үед их баярлаад л, шууд л “Оръё” гэсэн. Гэхдээ би гараа өргөөд “Би хонхны баяраа хийж амжаагүй байгаа. Одоо хонхны баяртаа явмаар байна” гэж хэлсэн. “Тэг тэг, хонхны баяраа хийчхээд, дипломоо авчхаад, театрт ирээрэй” гэсэн. Тэр маш гоё мэдрэмж байлаа. Тэгээд л театртаа ажилласан. Түүний дараа Хувьсал продакшнд, одоо Аримун продакшнд ажиллаж байна” гэж уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлсэн түүхээ хуваалцсан юм.
“ЧИМЭГ” БРЭНДЭЭ ҮҮСГЭН БАЙГУУЛЖ, САНАА ЗОВОХ ЗҮЙЛ НЭГЭЭР НЭМЭГДСЭН ДЭЭ
А.Ганчимэг жүжигчин мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ саяхан өөрийн гоо сайхны “Чимэг” брэндийг үүсгэн байгуулсан. “Гоо сайхны брэндээ эхлүүлээд жил хагас болох гэж байна. Үүнийг эхлүүлэх гэж зөндөө их зүйл болсон. Маш их хугацаа орсон. Гоо сайхны брэндээ эхлүүлсэн шалтгаан маань гэвэл эмэгтэй хүн бүр гоё байхыг хүсдэг. Сайхан харагдахыг, гоё арьс, гоё үстэй байхыг хүсдэг. Гэхдээ яг юу хэрэглэвэл болох бол гэдгийг шууд сонгоод шийдэж чаддаггүй юм билээ. Учир нь бид маш олон мэдээлэл дунд төөрдөг юм шиг санагдсан. Хэн нэгэн гоё гээд ярьвал нээрээ ч гоё юм шиг санагддаг юм билээ. Яаж ямар ч үед хэрэглэсэн гоё брэнд бүтээгдэхүүн бий болгодог юм бол гээд эхлээд бодол төдий байсан. Хоёр жил гаруй судлаад, олон бүтээгдэхүүнтэй танилцаж явахад хийж болох юм шиг итгэл үнэмшил бага багаар төрж эхэлсэн. Бага багаар хөөцөлдсөөр хоёр жилийн дараа өөрийн анхны бүтээгдэхүүнээ гаргаж авсан маань нүүрний салфеткан маск байсан. Өөрийн бизнестэй болно гэдэг ер нь амаргүй, хэцүү зүйл юм билээ. Эхлээд хүмүүст яаж таниулах вэ, яаж бараа бүтээгдэхүүнээ сурталчилж хүмүүст хүргэх вэ, бараа бүтээгдэхүүн маань чанартай байх ёстой гээд л санаа зовох зүйлс ихэсдэг юм билээ. Манай охин бас үүнд санаа тавьдаг. “Ээж ээ, манай бүтээгдэхүүнүүд яаж байна. Та юу хийж байна” гээд л намайг жаахан даргалаад л. “Би юм аа хийлээ хийлээ” гээд л инээдэг. Өөрийн гэсэн брэндтэй болсондоо маш их баяртай байгаа” гэсэн юм.
МАШ ИХ ХИЧЭЭЖ АЖИЛЛАХ ДУРТАЙ МИНЬ ӨНӨӨДРИЙН НАМАЙГ БИЙ БОЛГОСОН
“Би ямар нэг зүйлийг хийсэн шиг хийхийг их хичээдэг. Энэ зан маань өнөөдрийн намайг бүтээхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж боддог. Хэрвээ чадна гэсэн бол чадахын төлөө зүтгэх, үнэхээр чадахгүй бол уучлаарай, чадахгүй нь ээ гээд хэлэх. Энэ л хамгийн чухал зүйл юм болов уу.
Бид одоогийн би гээд л ярьдаг. Яг одоогийн "би"-г бүтээлцсэн хамгийн чухал хүн бол манай гэр бүл. Гэр бүлийн хүмүүжил гэж боддог. Аав, ээж хоёр минь багаас бүх зүйлийг ойлгуулж, хатуу үедээ хатуу, хайрлах үедээ хайрлаж явснаараа одоогийн бид бүгдээрээ тодорхой хэмжээнд бий болсон. Үүн дээрээ өөрсдийнхөө давуу талуудыг илүү сайн хөгжүүлж, сул талууд дээрээ ажилласаар өөрсдийн гэсэн одоогийн хүмүүсийг бий болгодог болов уу гэж боддог. Маш их хичээж ажиллах дуртай маань одоогийн надад нөлөөлсөн” гэж ярих нь ажилдаа сэтгэлтэй ханддагийг нь илэрхийлэх мэт.
“ГАНЦ БИЕ ХҮЧИРХЭГ ЭЭЖ” ГЭХ ТОДОРХОЙЛОЛТ НАДАД ТААЛАГДДАГГҮЙ
Дээр үед л эцгийн эрхт ёс, эрэгтэй хүн илүү хүчирхэг гэсэн ойлголтууд байсан байх. Харин сүүлийн үед эмэгтэйчүүд удирдах төвшинд ажиллаад, олон зүйлийг туулаад байгаа болохоор “Хүчирхэг эмэгтэй” гэдэг үг хэллэг гарч ирээд байна. Адилхан л хүн байж, адилхан л бизнес эрхлээд л, адилхан л ажлаа хийгээд явж байгаад яагаад заавал энэ бол хүчирхэг эмэгтэй гэдэг үгээр хүнийг дүгнээд байна вэ гэдэгт жаахан гайхдаг. Адилхан л хүн. Эр хүн чадаж байвал эмэгтэй хүн ч чадна. Мэдээж тэр нь 100 кг зүйл өргөхийг хэлэхгүй. Хүн өөрийнхөө чадах хэмжээгээр хөдөлмөрлөөд, ажил төрлөө болгоод, амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байна гэдэг нь ямар ч хүний хийх л ёстой ажил.
Үүнтэй холбоод бодохоор “Энэ ёстой нэг сайн аав” гээд л тодорхойлдог. Гэтэл тэр хүн хүүхдүүдээ төрүүлээд, өсгөсөн учраас сайн аав байх ёстой. Бүгдээрээ муу хүн байх ёстойгоос ганц хүн сайн байгаад байгаа юм шиг хандлага анзаарагддаг. Жишээлбэл, би хүүхэдтэй болсон бол сайн л ээж байх ёстой. Гэтэл сайн ээж байснаараа магтуулаад л “мундаг ээж” гээд л. Энэ их сонин санагддаг. Бас “Ганц бие хүчирхэг ээж” гэдэг үг байна. Хаанаасаа ч гарч ирсэн тодорхойлолт юм. Надад маш сонин санагддаг. Өөр яах юм бэ. Амьдрахгүй гээд яах вэ. Хөдөлмөрлөж хоолоо олж идэхгүй гээд, хувцсаа авч өмсөхгүй гээд яах вэ. Тэгснээрээ мундаг, лаг болоод байгаа юм байхгүй. Манай эмэгтэйчүүд ч өөрсдөө нэг их “Би бол хүчирхэг ганц бие ээж” гэж зарладаггүй байх. Нийгэм нь өөрсдөө тэгж хараад, тэгж оношлоод байна” гэж өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.
ХАРИУЦЛАГАТАЙ, ҮНЭН БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
“Амьдралд ч тэр, аливаа зүйлд хариуцлагатай байхыг хичээдэг. Хариуцлагын хажуугаар ямар нэг зүйлд үнэн хандана гэдэг надад их гоё санагддаг. Хариуцлагатай байх, үнэн байхыг хичээдэг. Гэхдээ байнга тийм байж чаддаг уу гэвэл мэдээж үгүй. Маш хариуцлагатай, бүх зүйлд үнэн байдаг гэвэл угаасаа худлаа. Тийм байхыг хичээдэг. Миний эргэн тойронд байгаа хүмүүс надад маш их тусалдаг. Намайг маш их хайрладаг. Би үүнд нь жаргаж амьдардаг хүн” гэв.
Далай ламын нэг гоё үг байдаг. “Хүн бүр тодорхой хэмжээний зорилготой байдаг. Том, жижиг хэмжээний маш олон зорилго бий. Тэр бүх зорилгын эцсийн эцэст юу байдаг вэ гэхээр аз жаргалтай амьдрах байдаг. Гэхдээ аз жаргалыг юунаас, яаж мэдрэх вэ гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр. Аз жаргалтай байх нь хамгийн чухал. Хамгийн сайхан. Юутай ч зүйрлэшгүй, юугаар ч үнэлшгүй тийм гоё зүйл гэж боддог. Аз жаргалтай л байвал хүн сэтгэл санаа тайван, бие махбодь ч эрүүл, эд эсүүд сэргэг байна. Аз жаргалтай байх хамгийн чухал гэж бодож байна. Хүн бүрд аз жаргал хүсье” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.