БЗХӨ 30 гаруй төрөл байдаг. Энэ халдваруудаас манайд заг хүйтэн, трихомионаз, хламид, тэмбүү өвчний халдвар зонхилдог. Бид ХӨСҮТ-ийн Дох, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны эмч Ш.Навчисханаас эдгээр өвчнүүдийн шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авлаа.
Тэрээр, "Бэлгийн замын халдвар үүсгэдэг организмууд нь хүнээс хүнд цус, үрийн шингэн, үтрээний ялгарал болон биеийн бусад шингэнээр дамжин халдварлана. Зарим тохиолдолд жирэмсэн эхээс урагт, эсвэл төрөлтийн үед хүүхдэд болон цус сэлбэх, зүү, тариур хувааж хэрэглэх зэрэг бэлгийн хавьтлын бус замаар халдвар дамжих эрсдэлтэй байдаг. Гаднаас нь харахад цоо эрүүл хүнээс ч халдвар авах эрсдэлтэй бөгөөд тухайн хүн өөрийгөө халдвартай гэдгийг мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй. Зарим шинж тэмдэг, зовиур халдвар авснаас хэдэн хоногийн дараа илэрдэг байхад үүсгэгчээсээ хамаарч зарим хүндрэл хэдэн сар, жилийн дараа ч илэрч болно. Тиймээс бэлгэвчгүйгээр тохиолдлын бэлгийн харилцаанд орсон л бол эмчид заавал хандах шаардлагатай юм.
Бэлгийн замаар дамжих өвчлөлүүдэд нийтлэг илрэх шинж тэмдгүүд:
- Бэлэг эрхтэн хавиар эмзэгших, гүвдрүү гарах
- Шээхэд хорсох, халуу оргих
- Эр бэлэг эрхтэнээс ялгадас гарах
- Үтрээнээс хэвийн бус, хурц үнэртэй ялгарал гарах
- Бэлгийн хавьтлын үед өвдөх
- Цавь орчмын лимфийн булчирхай томрох, хөндүүрлэх
- Хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгдэх
- Халуурах
- Их бие, гар, хөлөөр тууралт гарна
Мөн бэлгэвчийг буруу хэрэглэх, бэлгийн хавьтлын турш хэрэглэхгүй байснаар халдвар авах эрсдэл ихэснэ. Аман секс эрсдэл багатай боловч бэлгэвч хэрэглээгүй нөхцөлд халдвар дамжих эрсдэлтэй. Түүнчлэн бэлгийн замаар дамжих халдвараар өмнө нь өвчилж байсан бол давтан халдвар авах эрсдэл өндөр байдаг" гэв.