Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө, Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Төсөлд төлөөлөгчдийн зүгээс зарчмын зөрүүтэй 42 санал гаргасныг санал хураан дэмжиж, хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн батлав. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дагуу бид Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн баталлаа. Энэ бол нийслэл 2024 оны ажлын төлөвлөгөө юм. Одоо бидэнд хийж хэрэгжүүлэх үүрэг үлдлээ. Хуралдаанаар Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч, оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийг нэмэгдүүллээ. Ажлын төлөө санал зөрөх, маргалдах зүйл байх ч түүнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө энэ танхимд сууж байгаа бүх хүн нэгэн зүгт харах, хамтран ажиллах үүрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв