Зулаа бадраачихлаа…Ингээд чиний хойноос зул барина гэж хэн санах вэ. Ягаан уруулын будаг, гялалзсан нүд, ороосон үс, халгиж цалгисан инээд, өвдөг үл ялиг давсан даашинз… Буянгийн Батцэцэг гэдэг эгэл бүсгүйн ертөнц жаргаад 49 хоножээ. Өмнө нь ямар өвчин зовлон хэлж "дохио" өгч байсан биш, унтаад сэрээгүй чиний тухай энэ 49 хоногт бишгүй л бодлоо. Чадах юм нь үгэн суварга босгох л байна. Энэ бүсгүй бол эрэмгий, эмзэг, зоригтой, зүрхтэй, ажил амьдралынхаа төлөө цуцашгүй хөдөлмөрлөдөг нэгэн байлаа. Ямар ч ажил хийсэн түүндээ шумбана. “Тэнэг” зоригтой. Одоо бодоход буриад басганы зориг байсан байна шүү дээ. Том мөрөөдөж талд нь унана. Шинэ санаагаа, бодож олсноо, хийх гэж төлөвлөж байгаагаа ярихад нь, дотроо "Үгүй манай энэ нээрээ арай л агаарын юм ярина шүү" гэж бодож амжаагүй байтал зах зухаасаа биелээд эхэлнэ. (Энд нэг их олон нийтийн төлөө ч юм уу, төр нийгмийн том асуудал яриагүй шүү. Зүгээр л эгэл амьдралын "ноу хау” ярьж байгаа юм шүү). Манай хүн нэг өдөр “Хоёулаа өдөр өнжүүлэх байгуулъя” л гэж байна. “Аа, хэзээ ч билээ” гэж бодоод тэгье л дээ гэтэл сарын дотор байраа олоод, тохижуулаад, хүүхдийн тоглоом авах дээрээ тулаад ирчихсэн. Хүн нүдэн дээр гэрлийн хурдаар хийж бүтээгээд байхаар бүр гайхдаг юм билээ. Даанч тэр байрны дулаан нь болж бүтэхгүй, тэсгим өвлийн хүйтэн таарсныг ч хэлэх үү, тэгсхийгээд унтарсан. Гэхдээ л зүгээр мөрөөдөж хэвтэж байснаас шууд хийгээд эхэлбэл сайн ч муу ч нэг юманд хүрдэгийг Батцэцэгээс утгаар нь харж байлаа. Үгүй ядаж л туршлага сууна. Ер нь хүмүүс ахмадаас суралц гэдэг ч хажууд байгаа хүмүүс маань бидэнд илүү нөлөөлж, бие биенийхээ алдаа оноон дээр нь суралцаж хөгждөг юм биш үү. Хүн хүсвэл юуг ч бүтээж болдогийн амьд жишээ байсан даа, найз минь.
2012 онд би “Шууд” ТВ-д орсноос хойш бид хоёр “эр хоёр загал” гэдэг шиг нандин найзууд болсон юм. Нэг өдөр хамтдаа дэлгүүр хэсч яваад би булган шуба дээр “гацав”. Сэтгүүлчийн цалин булган шуба авч харагдаач. Гэтэл Баагий, "Миний найз ав, гоё зохиж байна, одоо өмсөхгүй бол хэзээ өмсөх юм. Надад яг сая хоёр зуун мянга байна. Энүүгээр авчих, дараа нь л өгнө биз” гэдэг юм байна. Би чамд ч гэсэн зохиж байна шүү дээ, чи өөрөө аваач гэж хоёр биедээ булган шуба өмсүүлэх гэж хэсэг “маргав”. (Тоолвол нас, төөлвөл бие чацуу хоёр л доо). Ингэж шахсаар байгаад өөрөө ч өмсөж үзээгүй шуба гэдэг юмыг надад өмсүүлж байлаа. Энэ үед би миний найз ямар сайхан сэтгэлтэй юм бэ хэмээн гайхширч, найзыгаа илүү их хайрламаар, ийм найзтайдаа баярлаж байлаа. Батцэцэгийн гайхшруулалт ер нь дуусахгүй. Цочирдом шийдвэр их гаргана л даа. Бидний өөр нэг “өрөөсөн дугуй” надаас мөнгө асуухаар нь "Аа, энэ мессенжрийн хулхидалт байна" гээд тоогоогүй орхисон юм. Дараа нь "Баагий чамаас тэр мөнгө асуусан уу" гэтэл тэгсээн, "Надад бэлэн мөнгө байхгүй болохоор нь ломбардаад ав гээд ээмгээ тайлаад өгчихсөн" гэдэг юм байна. Ай, эргээд өгсөн үү” гэсэн чинь “Өгсөөн өгсөн” гэж билээ. Нээрээ л ийм найзыг хэн, яаж хулхидах вэ дээ.
Богино наслахаа мэдсэн юм шиг ээжийгээ байртай болгож нэг баярлуулаад, хэдэн дүү нараа гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэчихээд буцлаа даа найз минь. Найз нь Монхоо дүүгээ эмч болгочихсон л гэсэн, хуучин байраа том дүүдээ өгчихлөө л болсон. Энэ мэтчилэн тэр минь бүтээхгүй зүйлгүй. Батцэцэгийн амнаас гардаг үг нь "Өө, найз нь бүтээгээд өгчихье, эгч нь, дүү нь ярьчихъя, асуудалгүй". Энэ үгийг нь эргэн тойрноос нь дуулаагүй хүн байхгүй байх. Өглөө гээд хоосордоггүйн тод жишээ, усны ундарга шиг өглөгч чи минь.
Мань хүн сэтгүүлч болохыг багаасаа мөрөөдөж, Монголын Радиогийн өсвөр насныханд зориулсан “Улаан шугам” нэвтрүүлэгт Хэнтий аймгаас идэвхтэн сурвалжлагч болсон гэж байгаа юм. “Яаж болов” гэсэн чинь тухайн үед хөтлөгч байсан Л.Амарзаяа багшид (Радио Телевизийн сургуульд байхад бидэнд багшилж байв) захидал бичээд л болсон гэсэн. Үнэн хэнхэг. Тухайн үеийн “Шууд ТВ”-д цоглог, доргиж дарвисан залуучууд байдаг байлаа. Биенээ хочилж тоглоом наргиан хийхдээ гаргуун. Баагийг "Хэнтийн мисс" гэж хочилно. Хөөе "Хэнтийн мисс" гэж дуудахаар нүдээ гялалзуулаад л жуумалзан хальт инээдэг сэн. Өөрөө ч төрсөн нутгаараа бахархах дуртай. Жүжигчин Алтаншагайн алдарт номер "Манай Хайдав багш маань байна" гэдэг шиг Манай Хэнтийн тэр, энэ болоод л явчихна. Үнэхээр таньдаг юм уу гэхээр, өө сайн уу миний дүү гээд л нөгөөдүүл нь сүйд.
Манай хүн уран дархан залуутай хар багаасаа үерхэж суусан. Баяраа эхнэртээ гэнэтийн бэлэг барих дуртай. Ажлын ширээн дээр нь сагс дүүрэн сарнай хүргүүлж, хэр романтик нөхөр вэ гэдгээ баталчихаж байгаа юм. Ер нь л гэнэтийн бэлэг дүүрэн амьдардаг байсан даа тэр хоёр. Зарим үед Солонгос драма цаашаа шүү дээ. Хамгийн сүүлд бид хоёр есөн жилийн дараа уулзлаа. Үүдэн дээрээ хүүгээ тэвэрчихсэн (энэ хугацаанд байгуулсан хамгийн том гавьяа) өнөө ягаанаараа уруулаа будчихсан зогсож байна. Яг л хэвээрээ шүү. Хайрламаар, нэг их гоё сэтгэл дүүрмээр. Хар шөнөөр яагаад нүүрээ будчихсан юм гэсэн чинь, зургаа авхуулах гээд ээ гээд халгин цалгин инээж билээ. Сүүлчийн уулзалтын зургаа гэж… Хүмүүс чиний минь хойноос тавхан сартай хүүхдээ орхиод явжээ гээд л харуусаад байна. 14 жилийн дараа охиноо дүүтэй болгож, хүсэн хүлээсэн хүүгийнхээ зулайг удаан биш ч гэсэн үнэрлээд буцсан даа гэж эерүүлж нэг амьсгаа авъя, амьдрал иймээс хойш. Найзтай байхын жаргалыг эдлүүлж байсан чамдаа баярлалаа.
Л.Мөнхзаяа 2023 оны есдүгээр сарын 25.