Сурагчдадаа англи хэлийг үнэхээр сайн заая гэх юм бол багш жаахан мэрийх хэрэгтэй. Үүний хажуугаар сурагчдаа ч гэсэн сайн дайчилж, ажиллуулах хэрэгтэй байгаа тухай Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн Н. Мира хэлж байна.
МУБИС-ийн Англи, Герман хэлний тэнхимийн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан англи хэлний багш нар болон оюутнууд эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. багш оюутнуудын чадварыг дээшлүүлэх зорилготой, олон улсын багш нар уриган ирсэн эл хурлын үеэр бид англи хэлний боловсролын салбарт ямар асуудлууд тулгамдаж байгаа талаар болон 30 жилийн хугацаанд МУБИС-ийн Англи, герман хэлний тэнхимд ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарсан талаар тодрууллаа.
Энэ талаар МУБИС-ийн Англи, герман хэлний тэнхимийн эрхлэгч Б.Болормаа ярихдаа “Манай тэнхим байгуулагдаад 30 жилийн ойтойгоо залгаж байна. Жил ирэх тусам төгсөгчдийн тоо улам өсөж байгаа. Сүүлийн гурван жилийн статистикийг харах юм бол 100-120 оюутан төгсөж байна. Манай тэнхим улсын ЕБС-ийн англи хэлний багш нарын 68 хувийг хангаж байгаа. Бид чанар тал дээр маш сайн анхаарч ажилладаг. Манай тэнхимд ихэнхдээ гадаадад магистр, докторын зэргээ хамгаалсан эрдэмтэн багш нар ажиллаж байгаа нь давуу тал юм. 2021 онд англи хэлний багш, герман хэлний боловсрол гэсэн хоёр хөтөлбөрөө олон улсад амжилттайгаар магадлан итгэмжлүүлсэн. Долоон жилийн хугацаатай. Энэ амжилт маань монголд анх удаа байх гэж итгэж байна гэв.
Харин Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн Н. Мира дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн арван жилийн хугацаанд энэ тэнхим маш сайн хөгжсөн. Сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлсэн нь тун сайшаалтай. Ойрын ололт амжилт нь олон улсын магадланд орсон явдал байгаа юм. Англи хэлний боловсрол хөгжөөд 30 жил болж байна. Анх эхэлж байхад, сурах бичиг, багш ч байхгүй байсан үе бидэнд бий. Улмаар маш богино хугацаанд орос хэлний багш нарыг англи хэлний багш болгож, хөрвөөх богино хугацааны сургалтад хамруулж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал их өөр боллоо шүү дээ. МУБИС-ийг төгссөн англи хэлний багш нар дэлхийн аль ч улсад багшлах эрхтэй төгсөж байна. Би түрүүн хэлсэнчлэн МУБИС-аас төрсөн багш чанар сайтайн дээр заах арга барилын хувьд маш сайн байгаа” гэлээ.