Украины тусгай хүчнийхэн Оросын хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов болон бусад 33 оффицер амь үрэгдсэнийг мэдэгдлээ. Украины арми Севастополь дахь Крымийн боомт руу агаарын цохилт өгөх үед ийм хэрэг болжээ. Хар тэнгисийн флотын төв байрт үзүүлсэн уг агаарын цохилтын улмаас барилга нь сүйдэж, 100 гаруй Оросын цэрэг мөн бэртэж гэмтсэнийг Украины тал мэдэгдсэн.
Энэ хэрэг баасан гарагт болсон бөгөөд Украины талаас хэн нас барсныг өчигдөр ийн мэдэгдэж байгаа бол ОХУ-ын батлан хамгаалахын яам сэтгүүлчдэд тодруулга өгөөгүй хэвээр байна. Хэдий Орос, Украин аль аль нь дайсны эндэгдлийг “хэтрүүлэн” мэдэгдэж, өөрсдийнхөө мэдээллийг нуудаг ч Украины дээрх мэдэгдэл худал байсан бол ОХУ амархан үгүйсгэх байсан гэж АНУ-д суурьтай тинк танк болох Дайны судлалын хүрээлэнгээс мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Украины пуужин Соколов тэргүүтэй Оросын армийн албан тушаалтнуудыг онилж, аминд нь хүрсэн эсэх нь батлагдаагүй байгаа ч ОХУ-ын талаас шууд няцаагаагүй нь уг мэдээлэл үнэн байх магадлалтайг харуулж буй юм. Виктор Соколов нь хар тэнГисийн флотын командлагчаар 2022 оны 9-р сард томилогдож байсан. Гэхдээ ОХУ-ын талаас Мягмар гарагт бичсэн гэх нэгэн бичлэг цацсанд Соколов байсан юм. Тухайлбал, түүнийг хуралд орж байгаа дүрс бичлэг цацагдсан. Барууныхны зүгээс энэ бичлгэгийг өмнө нь бичсэн байх магадлалтай гэж үзэж байна. Цаашилбал, Украины арми баасан гарагт болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөн. Тэд Оросын хар тэнгисийн флотын төв байранд 12 удаа агаарын цохилт өгч, цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл, зэвсэг төвлөрсөн хэсгийг онилсон байна. Түүнчлэн Украины арми Оросын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хоёр систем, дөрвөн их бууны ангид агаарын цохилт өгсөн байна. ОХУ-д эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахаар Украины арми дөрвөн сарын турш сөрөг довтолгоогоо хийж буй. Нэн ялангуяа, сүүлийн долоо хоногуудад Украины арми хар тэнгис болон Крымийн хойг руу давшилтаа нэмэгдүүлж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам Даваа гарагийн орой мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах систем нь Оросын Белгород, Курск мужуудад Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгаж, нийтдээ 11 нисгэгчгүй онгоц устгасан байна. Тус яам Телеграм хуудаснаа хэд хэдэн тусдаа мэдэгдэл хийж, Белгород мужид долоон, Курскийн дээгүүр дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгджээ.
ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр дундаа нийслэл Москва сүүлийн саруудад нисгэгчгүй онгоцны олон удаагийн халдлагад өртөж байна.
Эх сурвалж: CNN