BTS хамтлагийн бүх гишүүн Big Hit энтертайнменттай хийсэн гэрээгээ шинэчилжээ. Big Hit-ийн толгой компани болох Hybe-ийн удирдах зөвлөл долоон гишүүн бүхий алдарт К-поп хамтлагийн гишүүдтэй гэрээгээ шинэчилнэ гэж мэдэгдсэний дараахан бүх гишүүн шинэ гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэрээг ийн шинэчилсэн нь хамтлаг тарах вий гэсэн олны айдсыг үргээж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, хамтлагийн гурван гишүүн өдгөө цэргийн алба хааж байгаа бөгөөд энэ байдлаараа 2025 онд эргэн нэгдэхгүй байх вий гэж шүтэн бишрэгчид нь эмээж байсан юм.
BTS хамтлаг анх 2013 онд Big Hit энтертайнментын дор дебютээ хийсэн ба гишүүд анх 2018 оны 10-р сард гэрээгээ шинэчилсэн байдаг. BTS хамтлаг нь АНУ-ын Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж, мөн шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны К-поп хамтлаг болсон бөгөөд өдгөө хамгийн шилдэгт бичигдсэн зургаан дуу, цомогтой болсон юм. Харин К-поп охидын шилдэг хамтлаг гэгдэх Blackpink хамтлагийн гурван гишүүн буюу Лиза, Женни, Жисүү нар YG энтертайнменттай гэрээгээ цааш сунгахгүй гэсэн гэх яриа гарсан юм. Одоогоор тус компани энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: KOREATIMES