Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-“Налайх-Чойр”, “Чойр-Замын-Үүд” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн 113 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны явц, цаашид авах арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. Биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Эх сурвалж: ЗГХМОНХА