Хүн төрөлхтний ахуй соёлыг ихээхэн өөр түвшинд аваачдаг олон мэргэжил дундаас инженер, зохион бүтээгчдийн ур ухаан ямар гайхалтайг БНСУ-ын Дэү автобусны үйлдвэрт ажиллах богинохон хугацаандаа мэдэрлээ.
Манайхаар бол бараг л өрхийн үйлдвэрлэлээс өдгөө дэлхийн 63 улсад компанитай, 10 мянга орчим ажилчинтай, том хотуудын нийтийн тээврийн зах зээлийг хангагч групп болтлоо өссөн байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа гээд салбар бүрд хөрөнгө оруулж, бүтээн байгуулж оролцдог ч автобус үйлдвэрлэл нь брэнд болтлоо танигдсан нь Дэү-гийн гэх стандартыг бий болгосонтой шууд холбоотой гэж “Young An business group”-ийн Ерөнхийлөгч Бён Су Балк хэлж байсныг энд дурдъя.
Аливаа хотын тухайд нийтийн тээврийн салбар нь ихээхэн чухал.Тэр тусмаа олон төрөлтөд, цэвэрхэн, найдвартай унаа байж иргэд сэтгэл хангалуун автобусаар үйлчлүүлдэг. Иргэдийн зүгээс бас нэгэн чухал шаардлага тавьдаг. Тэр нь манай улсын байгаль цаг уурын онцлогт тохирсон эсэх юм. Энэ шаардлагад Дэү бүрэн нийцэхээс гадна автобусныхаа бүх эд ангийг нарийн стандартаар үйлдвэрлээд, шат дамжлага бүр нь хэнбугай ч дур зоргоороо өөрчлөх боломжгүй туршилт, шалгалт, тогтсон дамжлагаар явагддаг байх юм. Арга ч үгүй биз. Дэлхийн хотуудын нийтийн тээврийн салбарт өөрийн гэсэн захиалагч, худалдан авагч, хэрэглэгчтэй болохын тулд техник технологи, инженерийн шийдлээ ямагт сайжруулж байх, найдвартай, чанартай байх дүрэмд захирагддаг гэнэ.
Биднийг очиход манай улсын захиалсан их багтаамжийн 600 автобус үйлдвэрлэгдэж байлаа. Ингээд бид Дэү ногоон автобусыг ямар шат дамжлагаар, хэрхэн үйлдвэрлэж, угсарч байгаа үйл ажиллагаатай танилцсан юм. Манай улсын 600 ширхэг автобусны захиалгыг “Young An business group”-ийн ZYLE Daewoo Bus компани бэлэн болгохоор эд ажиллацгааж байсан бөгөөд автобусныхаа эрэг шурагаас эхлээд мотор, кроп хүртэлх бүх эд, ангийг БНСУ-даа үйлдвэрлээд, далайгаар тээвэрлэн Вьетнам дахь салбартаа хүргэж, эцсийн бүтээгдэхүүн болгон угсрах үйл явцтайг компанийн удирдлагууд хэлж байлаа. Улаанбаатарчуудад үйлчлэх 600 автобусны тухайд, Дэү-гийн хатуу, нарийн стандартаар бий болж байгаа нь сайхан байлаа. Ингээд хувийн автомашины хэрэглээг халах зорилгын хүрээнд манайд ирэх эдгээр цоо шинэ 600 ширхэг ногоон автобус Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт өнгө нэмнэ.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талууд:
- Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоо хийжээ.
- Одоо нийтийн тээвэрт явж байгаа хуучин Дэү автобус нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн.
- Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй.
- Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай.
- Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул манайхан даавуун уут оёж угласан байдан. Харин шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй.
- Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ.
- Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн.
- Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно.
- EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн хүчин чадалтай.
- Мотор нь байгальд ээлтэй аdd blue технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй.
- Автобусны гадна талд ослын, харин дотор талд нь зорчигч бүр буух товч дарах боломжтой болсон.
- Хуучин Дэү автобусны урт нь 11.2 м бол шинэ нь өмнөхөөсөө 1м-ээр урт.
600 автобусны 10 хувьд нь буюу 60 автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Өөрөөр хэлбэл, нэмэлт шат хийсэн зэрэг зорчигчийн тав тухыг илүү хангасан гэнэ.
ДЭҮ-ГИЙН СТАНДАРТ
Дэү-гийн үйлдвэрийн онцгой нэгэн хяналт нь автобусны эд анги, сэлбэг хэрэгсэл бүрийг нэг бүрчлэн нийт зургаан төрлийн шалгалтаар оруулсны дараа гол үйлдвэрлэлээ эхлүүлдэг байх юм. Үйлдвэрлэл эхэлснээр шалгалт дууслаа гэж ойлгож болохгүй нь гайхмаар. Учир нь, дахиад л шалгалтууд үргэлжилнэ. Зорчигчийн суудлын аюулгүй байдлын тест, осолдох эрсдэлээс хамгаалсан тест, будгийнх гэх мэт дахиад шалгалтын 90 төрлийн төхөөрөмж дамжин эд ангиуд үйлдвэрлэл, угсралтын шатанд шилждэг байна. Дэү автобусны салбар үйлдвэрүүд нь Казахстан, Вьетнам, Коста Рика, Мьянмар, Солонгос, Пакистан, Азербайжан гэсэн долоон улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дизель, хий, цахилгаан хөдөлгүүр бүхий олон төрөл, загварын автобус үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд Малайз, Индонез, Бангладешаас хийн хөдөлгүүрт автобусны захиалга олноор ирж байгааг “Zyle Motors” компанийн Бизнесийн хэлтсийн захирал Парк Чан Чу танилцуулгадаа дурдав. Тэд Дэү автобусны үйлдвэрээ АНУ-д байгуулахаар судалж эхэлжээ.
Тэрбээр “Манай автобусыг эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд 14 жил гамтай унасан та бүхэнд баярлалаа. Энэ удаа бид Монголын захиалагчдынхаа урмыг хугалахгүй, итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажиллах болно” гэлээ. Манай улсын захиалсан Дэү ногоон автобус үйлдвэрлэгдэж эхэлснээсээ хойш 30 мянган ширхэг борлуулагджээ. Нийтийн тээврийн автобус үйлдвэрлэхэд 1500 ширхэг эрэг шураг, эд анги ордог бөгөөд Дэү компани автобусныхаа бүх эд ангийг 100 хувь БНСУ-даа үйлдвэрлэж, чанар стандартын шалгалтад оруулсны дараа “Made in Korea” тамга дараад Вьетнам болон бусад улс дахь угсралтын салбар үйлдвэрүүд рүүгээ илгээдэг гэх процесс, дамжлагаа танилцуулж байлаа.
Түгжрэлийн асуудал хариуцсан Ж.Сүхбаатар сайдын амбийц нь 14 жилийн туршид нэг ч удаа хийгдэж байгаагүй нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх. Хэл ам, эрх ашиг ихтэй энэ чухал, том ажлыг хийсэн шиг хийж, эхлүүлсэн шиг эхлүүлэхдээ найдвартай, чанартай Дэү-г сонгосон нь туйлын зөв сонголт болжээ гэж хөндлөнгөөс харагдлаа
Нийтлэлч М.Мөнхтунгалаг