Монгол нүүдэлчин хэв маяг, үндэсний хоолны талаарх сонирхолтой контент бүтээдэг “Artger” сувгийн талаар CNN агентлаг онцолсон байна. Уншигч та бүхэнд энэхүү нийтлэлийг товчлон хүргэе.
“Монголын тал нутагт хэн нэгэнд хутга, гал, чулуу өгчих, ингээд л тэр гал тогоотой болчихно. Монгол үндэсний хоол нь тус улсын нүүдэлчин соёл, байгаль эхтэй нэвт холбогдсон амьдралын хэв маягтай нь салшгүй холбоотой. Жавха Ара гэх залуу Монголын талаарх мэдээ мэдээлэл олон улсад маш хомс байгаа олж мэдээд 2016 онд “Artger” сувгаа нээжээ. “Art” гэдэг нь урлаг, “ger” гэдэг нь Монголын уламжлалт байр юм. “Artger” суваг нь Youtube платформ дээр өдгөө 510 мянга гаруй дагагчтай ба Монгол зоог, соёлыг харуулсан контентууд нь сая сая үзэгчтэй болжээ. Тэдний бичлэгүүд маш сонирхолтой хийгээд энгийн. Тухайлбал, хөдөө талын жирийн нэг Монгол айл өглөөний цайгаа хэрхэн бэлтгэдэг, дараа нь түүнийгээ гэр бүлээрээ зооглодог ёсыг харуулсан контент нь маш олон хандалт авсан. Түүнчлэн хоёр найз хээр талд Монгол хоолоо хийгээд идэж, хөөрөлдөж байгаа тухай, эсвэл гурван бөх “маш их” банш идэнгээ ярилцаж байгаа тухай гэх мэт. Жавха Арагийн хэлснээр “Монгол хоол барууны ертөнцөд нууц жор шиг л байдаг. Учир нь Монгол хоол бидний өн эртний амьдрах уламжлалаас гаралтай. Хүмүүс биднийг “айхтар” махчин хүмүүс гэж боддог. Яах вэ үнэн ч гэсэн бид байнга мах иддэггүй. Монголчууд өвөлдөө мах идэж, эрч хүчээ сэлбэдэг бол зундаа цагаан идээ, зэрлэг ногоо иддэг. Нэлээн тэнцвэртэй хооллодог шүү” гэжээ.
Уг нийтлэлд мөн хорхог, боодог, бууз, хуушуур, борц, цуйван, битүү шөл, боорцог, өрөм, айргийн талаар сонирхолтой мэдээллийг орцын хамтаар дурджээ.
Эх сурвалж: CNN