Бүгд Найрамдах Куба улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезийн урилгаар манай улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Куба улсад болсон “77-гийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад энэ сарын 15-17-ний өдрүүдэд оролцсон юм. Дэлхийн 134 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү уулзалтад дэлхийн 30 орны төрийн тэргүүн 104 орны өндөр дээд албан тушаалтан ирсэн аж.
НҮБ-ын хамгийн том бүлэг гэгддэг хөгжиж буй орнуудын уг уулзалтыг сурвалжлахаар Куба орныг зорьсон миний бие хурал мэдээлэхийн зэрэгцээ Куба орны сонин сайхан, ард түмнийх нь аж амьдралын талаар мэдэхийг туйлаас хүсэж байлаа. Ажигласан зүйлс, уулзсан хүмүүс, интернэт дэх тоон мэдээлэлд түшиглэн уншигч танд хоёр цуврал сурвалжилга хүргэж байна. Монголын ардчилсан хувьсгалаас хоёр дүү миний бие анх удаа социалист оронд хөл тавьж буй нь энэ бөгөөд үзсэн харсан бүхий л зүйл соньхон байв. Харин социалист нийгэмд амьдарч үзсэн манай багийн зарим хүмүүс 1989 оноос өмнө Монгол улс яг л ийм байсан даа хэмээн тодорхойлсон юм.
ЖИЛД ДӨРВӨН САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРОН
Куба улс АНУ-ын эдийн засаг, худалдааны 245 хоригт байдаг тул улсын хөгжлийн явц удаашралтай байдаг талаар Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хорхе онцолж байв. Тэрээр "Кубачууд бид хөгжихийг хүсдэг, хөгжих чин хүсэл эрмэлзлэлтэй, нээлттэй орон. Гэхдээ эдийн засгийн хориг биднийг өнөөгийн түвшинд байлгадгаараа бусад улсаас ялгаатай" гэж байв. Олон хоригоос гадуур мөнгө олж болох Куба улсын гол гарц аялал жуулчлал. Тэд үзэсгэлэнт газар нутаг, 20-р зуунаас үлдсэн үзэмжит барилга байшин, ховор машин, байнгын дулаан цаг агаараараа жилдээ дөрвөн сая жуулчин татдаг байв. Гэвч коронавирусээс хойш жуулчдын хөл татарч, 2021, 2022 онд сая хүрэхгүй жуулчин л хүлээн авчээ. Жуулчид Куба улсын дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Varadero эрэг, Хавана хотын хуучин дүр зураг, эртний сүм хийдүүд, өвөрмөц нийгмийн тогтолцоог нь үзэх гэж очдог байна. Америкчуудын зуслан, зугаа цэнгэлийн газар гэгддэг байсан Куба улс руу Монголчууд 30 хоногтоо визагүй. Тиймээс Монголчууд бид эл улс руу аялахад нээлттэй гэсэн үг. Харин манай баг Кубад байх зуураа ажлын цагийн дараа хотын төв хавиар л “аялж” амжсан билээ. Куба улсын нийслэл Хавана хотын өнцөг булан бүр бидэнд сонин содон байсан тул хотоос гараагүй ч аялсан мэт сэтгэгдэл дүүрэн өнгөрсөн юм.
ХҮНС БАРААНЫ ХОМСДОЛТОЙ Ч ИНЭЭХЭЭ МАРТДАГГҮЙ КУБАЧУУД
Биднийг Куба улсыг зорихоос өмнө элчин сайд нь Кубын талаарх мэдээлэл өгч, уулзсан ба энэ үеэр манай улсад шатахуун, хүнсний хомсдол зарим газруудад бий. Гэхдээ улс бүрд жаргал, зовлон байдаг шиг манай улсад сайн, муу тал нь хоршин байгаа гэж байв. Интернэт дахь нийтлэлч, аялагчдын Куба улсаар аялсан тэмдэглэлийг уншвал хоол хүнсэндээ дугаарласан иргэд хаа сайгүй. Ресторанд хоол идэх амаргүй. Удаж удаж амт муутай, хоёр ширхэг тахианы мөч ирнэ гэх мэт сэтгэгдэл бичсэн байсан учраас бид Монголоос бэлэн гоймон, талх, боовоо цүнхлээд явсан юм. Хүнсний хомсдолтой орон руу явж байгаагаа төсөөлөхдөө нүд хальтрам дүр зураг угтах байх гэж бодож байв. Гэсэн ч хоол хайсан өлсгөлөн хүмүүс биш дуу бүжигт дуртай, гэрийнхээ хашаанд, ажлынхаа үүдэнд, гудамжинд инээд хөөр дуу хуур цалгисан хүмүүстэй илүүтэй таарсан юм.
Гэхдээ тус улс цахилгаан, усаа хязгаарлаж, ард иргэддээ зөвхөн талоноор цөөн нэр төрлийн хүнс тараадаг нь үнэн. Ийм амаргүй амьдралтай байж яагаад дуулж хуурдаж амьдардаг тухай хүмүүсээс асуухад, “Кубачууд бүх зүйлд гарц бий гэж үздэг. Харин бүтэхгүй бол маргааш хийе” гэдэг филисофитой. Орчин цагийн хэлээр бол минимал буюу цомхон амьдраад, буй бүхэндээ сэтгэл хангалуун аж төрөөд сурчихсан. Дуу бүжиг, урлаггүйгээр тэднийг төсөөлөхийн аргагүй” гэсэн юм. Цаг уурын байдал хүний сэтгэл зүйтэй шууд хамааралтай байдаг талаарх олон судалгаа бий. Монгол шиг нарлаг, хөх тэнгэртэй, байнгын халуун орны иргэд болоод ч тэр үү дуу хөгжим халгисан, бухимдал багатай байдаг юм болов уу даа хэмээн таамаглаж явлаа.
УС, ТОГ, ХҮНС, ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТТАЙ КУБА
Хүн хоорондыг харьцуулж болшгүй байдаг шиг улс хоорондыг харьцуулах нь нэн төвөгтэй. Учир нь түүх, соёл, газар зүйн байршил зэргээсээ улбаалж харилцан адилгүй. Тийм байхад нэг улсыг нөгөөтэй харьцуулах нь зохимжгүй. Тиймээс Монголтой харьцуулахад ийм тийм гэхээс илүү Куба улсын бодит тоонуудыг дурдая.
Куба улс 11 сая гаруй хүн амтай ба 2 сая гаруй нь нийслэл Хаванадаа аж төрдөг. Олонх нь хөдөө аймгуудаар амьдарна. Хөдөөд амьдралын түвшин сайнгүй. Айл бүрээс нэг хүн гадаадад амьдардаг ба тэднийхээ явуулсан мөнгөөр амьдралаа залгуулдаг. Бараг Куба айлуудын орлогын гол эх үүсвэр нь гадаад дахь үр хүүхэд, төрөл төрөгсдийнх нь явуулдаг мөнгө. Куба улсын нэг хүний сарын дундаж орлого 50 хүртэл доллар. Гэхдээ бараа, ажил үйлчилгээний үнэ Монголоос үл ялиг бага. Өөрөөр хэлбэл 50 доллараар амьдрах боломжгүй нийгмээ тэд далд эдийн засгаараа явч явдаг гэмээр. Тиймдээ ч дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтүүдээр Куба орон дунджаас доогуур бичигддэг аж. Кубачууд эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд 176-д эрэмбэлэгдэж байна. Учир нь хувийн хөрөнгө, хувийн эдийн засгийг улс нь дэмждэггүй ба ажиллах хүчний 80 хувь нь төрийн албанд ажилладаг. Дэлгүүр, зочид буудал, орон сууц зэрэг ихэнх өмч нь төрийнх. Ямар сайндаа хувийн унаа ч байдаггүй тул 11 сая хүн амтай эл улсад түгжрэл байхгүй. Олонх нь машингүй. Ямар нэгэн хөрөнгийн зах зээл байдаггүй. Хэдийгээр Карибын тэнгис дэх орон ч гэлээ иргэд нь загас агнах эрхгүй. Хөдөө аж ахуйн салбар нь иргэдээ бүрэн тэжээх чадамжгүй.
КУБА УЛСЫН ГЭРЭЛТЭЙ ТАЛУУД
Куба гэхээр хамгийн түрүүнд хэн бүхний санаанд навчин тамхи, кофе, ром дарс санаанд буух биз. Үүний зэрэгцээ биотехнологийн салбар нь амжилттай хөгжиж байгаа ба цар тахлын үед вакцин хүртэл гарган авч байв. Мөн чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудтай тул гадаад улсуудад тэдгээр эмч нараа ажиллуулдаг. Нишингийн элсэр чихэр гадаадад худалдаалдаг. Кубын нэрийн хуудас болсон дээрх бараанууд янз бүрийн үнэтэй. Жуулчдын гудамжны төв цэгт нэг ширхэг навчин тамхины доод үнэ 10 доллараас эхлэх бол дамын наймаачны гараас 25 ширхэгийг нь 50 доллараар авах боломжтой. Куба улсын нүүр царай болсон дээрх бүтээгдэхүүнүүд Турк улсын татваргүй барааны дэлгүүрүүдэд ч элбэг харагдана.
20-Р ЗУУНЫ МАШИНУУДАА БИЗНЕС БОЛГОСОН НЬ…
Олон олон жуулчдын Куба улсыг зорих шалтгаан нь 20-р зууны машинуудыг үзэх байдаг. Хотынхоо өнгө үзэмжийг нэмж, дэлхийн бусад улсуудаас ондоо харагддаг нэг үндэс нь Кубад буй “сонгодог” машинууд. Эдгээр машинууд улс төрийн болон түүхэн ач холбогдолтой. Түүх сөхвөл хэзээ ч машин үйлдвэрлэж байгаагүй эл улс Куба Испани Америкийн дайны үеэр 1898 онд олны танил болсон Франц үйлдвэрлэгчийн La Parisienne машиныг Кубад оруулж ирснээр эхэлдэг ба харин өнөөгийн машинуудын ихэнх нь АНУ-ынх. 1919 онд л гэхэд Куба нь АНУ-ын машин, эд ангиудын хамгийн том Латин Америкийн импортлогч байсан бөгөөд нэг хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлэгч байсан юм. Ford, Chevrolet, Cadillac, Chrysler зэрэг компаниуд хамгийн сүүлийн үеийн загваруудаа АНУ-ын хамгийн өмнөд хэсгийн боомтуудад ачуулсан бөгөөд ачаа хэдхэн хоногийн дотор Хаванад хүрдэг байж. 1956 он гэхэд Кубад 140,000 гаруй машин, Хавана хотын гудамжинд 90,000 гаруй машин байжээ.
Өдгөө эдгээр машинууд Кубын ард иргэдийн хөлийг, хоолыг залгуулдаг гол унаа. Тэд машинаа түрээсэлж бусдад унуулахаас гадна жуулчид суулгаад хотоо үзүүлдэг маршруттай. Шинэ машин авах боломжгүй Кубын ард иргэд эдгээр машинаа засаж сэлбэн тордоод зуун дамжин унасаар байгаа нь машин унах хэрэглээ нь соёл болсныг илтгэнэ. Сонин содон машинуудаа зөвхөн унуулаад зогсохгүй музейн үзмэр ч болгож байна. El Garage нэртэй уг музейд Хэнри Фордын бүтээсэн анхны машинаас эхлээд Ромын папын Куба улсад айлчлахдаа унасан машин хүртэл байх аж.
УРАН ХИЙЦТЭЙ БАРИЛГУУД БА ГОО ЗҮЙТЭЙ АРД ТҮМЭН
Кубын барилга байшин бүр нь эгээ л сүм хийд лугаа үзэсгэлэнтэй, гайхам, эмх цэгцтэй. Испанийн колончлолд 400 жил байсан Кубачууд тэр үеэс л урлагийн бүтээл бүхий барилга байшин бүтээжээ. 20-р зууны эхэн үед буюу Дэлхийн 1-р дайны үеэс элсэн чихэр ихээр зарж борлуулан, орлогоо барилга байшин гэх мэт бүтээн байгуулалтад зарцуулж байсан гэдэг. Кубачууд 21-р зуун гараад барилга байгууламж цөөн барьсан ч уламжлал шинэчлэлийг хослуулсан зуун дамнах шинэ үеийн барилгууд ч барьжээ. Тухайлбал хувийн зарим зочид буудлуудын барилгыг зүй ёсоор урлагийн бүтээл хэмээн нэрлэх тухай архетикторчид бичжээ. Кубачууд уран барилгад аж төрдөг шигээ үнэт эдлэл, ганган хувцас, тод өнгийн эд зүйлд дуртай болов уу гэмээр. Зөрсөн хүн бүр л дэгжин гэхэд хилсдэхгүй. Гоо зүйн мэдрэмж, урлагт ойр ард түмэнд ганган дэгжин амьдрал нь өвлөгдсөн ирэв үү гэлтэй.
ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХҮМҮҮС
Дэгжин Кубачууд нүд унагам үзэсгэлэнтэй. Генеткээсээ зэгзгэр бие, тонтгор өгзөг, сэргэр хөхтэй нь үзэгдэнэ. Эрчүүд нь ч биерхүү, булчин шөрмөс нь жигд. Бүгд фитнесст явдаг юм уу?, эсвэл гоо сайхны хагалгаанд орчихсон болов уу гэмээр. Сайхан бие хааных нь нууц нь гадил жимс, шоштой будаа их иддэгтэй холбоотой байх хэмээн таамаглаж байлаа. Куба иргэдийн дундаж наслалт 78.33 ба насжилтийн үзүүлэлтүүд нь жил бүр өсдөг байна. Куба иргэдийн насжилтийг Монголтой харьцуулахад 5.39 насаар Кубачууд ахиу байгаа юм. Харин Куба эмэгтэйн дундаж наслалт 80.73 байна.
Куба улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез манай улсад ирэх жил айлчилхаа энэ удаагийн уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 63 жил өнгөрч байгаа ба Латин Америкийн орнуудаас Ази тивд анх удаа, Ази тивээс Латин Америкийн оронд анх удаа харилцан элчин сайдын яамаа нээж байсан түүхтэй. Мөн Монголчууд бид ардчилал руу шилжиж, нийгмийн систем маань өөрчлөгдсөн ч социалист Куба орноос харилцаагаа таслаагүй. 63 жил найзалж нөхөрлөсөн бидний түүхэн харилцаа хэн хэндээ нэмэртэй. Тухайлбал Куба оронд тогтоосон хоригоо авах тухай АНУ-ын эсрэг саналыг НҮБ-ын индэр дээр Монгол улс өгдөг. Харин Куба оронд хөгжил дэвшил ирэх үед Монголчуудын Латин Америк дахь гол суваг Куба байх болов уу.
Үргэлжлэл бий...