Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Багш нарын баярын өдрөөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяж, цалингаа нэмэгдүүлэхийг шаардана хэмээн хэлсэн юм. Тэдний тэмцэлд улсын хэмжээнд 150 гаруй сургуулийн багш нэгдээд байгаа гэж Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
Тэд “Өнөөдөр багш нар цалингаараа амьдрахад хүнд байна. Бид есдүгээр сарын 11-нд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Мэдэгдлийн хариугаа авах эцсийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлэхгүй бол ажил хаяна. Сайдын хэлээд байгаа шиг 2,5 сая төгрөгийн цалинг багш нар авдаггүй. Багш нар энэ сараас 1,2 сая төгрөгийн цалин авна. Татвараа суутгаад 800-900 мянган төгрөг авна. Бид багш нарын цалинг ачаалалтай нь уялдуулан 1000 ам.долларт хүргэхийг шаардаж байгаа” гэв.
Өнөөдрийн ханшаар 1 ам.доллар 3600 төгрөгтэй тэнцэж байна. Ханшийг одоогийнхоор тооцвол 1000 долларын цалин нь 3,6 сая төгрөг юм.