Хятадын “шилдэг” их сургуулиудын нэг болох Шэньси муж дахь Сиан Жиаотун их сургууль төгсөлтийн шалгалтад заавал англи хэлний мэдлэг шалгах шалгалт авах шаардлагагүй болгосон тухай шийдвэрээ зарлалаа.
Ингэснээр бакалаврын зэргээ төгсөж байгаа оюутнууд заавал авдаг англи хэлний шалгалт болон бусад төстэй шалгалтууд өгөхөөргүй болж байна. Энэхүү мэдэгдэл нь олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж, олон хүн уг шийдвэрийг сайшааж, олон их, дээд сургуулийг ийм алхам хийхийг уриалахад хүргэлээ. Анх 1987 онд коллеж төгсөхийн тулд англи хэлний шалгалт авч эхэлсэн байдаг. Энэ нь Хятадын ихэнх их, дээд сургуулиудад хэдэн арван жилийн турш төгсөлтийн шаардлага байсаар ирсэн ч засгийн газар үүнийг хэзээ ч албан ёсны бодлого болгож байгаагүй юм. Мао Зэдуны дараа Хятад улс хөгжингүй орнуудыг гүйцэх хүсэл эрмэлзэлтэй болж, англи хэлэнд ихээхэн ач холбогдол өгч ирсэн байдаг. Учир нь олон улсад дийлэнх эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлууд англи хэл дээр бичигдсэн байдаг билээ.
Гэвч сүүлийн жилүүдэд зарим их, дээд сургуулиуд төгсөлтийн англи хэлний шалгалтыг өөр шалгалтаар солих, эсвэл Сиан Жиаотун их сургуулийн адилаар бүрмөсөн хасаж, англи хэлний ач холбогдлыг бууруулахад чиглэж байна.Түүнчлэн ахлах сургууль, их дээд сургуульд багш нарыг барууны сурах бичгийг ашиглах, ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн хараат бус байдал зэрэг “барууны үнэт зүйлс” ярихыг хориглосон юм.
Эх сурвалж: CNN