Найруулагч Кристофер Ноланы Оппенхаймер хамгийн их борлуулалттай намтарчилсан бүтээл болж, алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн амьдралыг өгүүлсэн “Bohemian Rhapsody” киноны амжилтыг эвдлээ.
Домогт дуучны дүрийг жүжигчин Рами Малек бүтээсэн ба энэхүү дүрээрээ 2019 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос “шилдэг эрэгтэй гол дүр” гэх шагналыг хүртсэн билээ. Жүжигчин Рами Малек “Оппенхаймер” кинонд ч мөн туслах дүр бүтээсэн юм. Борлуулалтын хувьд, “Оппенхаймер” дэлхий даяар нийт 912.7 сая ам.долларын орлого олсон бол “Bohemian Rhapsody” 910.8 сая долларын орлого олж байжээ. Кристофер Ноланы шинэ бүтээл энэ оны 7-р сард нээлтээ хийснээсээ хойш олон амжилтын эзэн болсон. Тухайлбал, хамгийн их борлуулалттай дэлхийн хоёрдугаар дайны талаарх кино, мөн “Барби” болон “Супер Марио Брос”-ын дараах энэ оны хамгийн их борлуулалттай кино болжээ. Зарим кино сонирхогч цөмийн физикч Оппенхаймерын дүрийг бүтээсэн жүжигчин Киллиан Мурфиг дараа жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
SOURCE: NME