Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцох үеэрээ тус улсын ерөнхийлөгч Жо Байден болон конгрессийн гишүүд, цэргийн өндөр албан тушаалтнуудтай уулзлаа.
АНУ-аас Украинд нэмэлт 325 сая.ам долларын цэрэг зэвсгийн тусламж үзүүлнэ гэж Ж.Байден амласныг Зеленский онцолж, “Дайн эхэлснээс хойш 575 өдрийн турш Украины дэргэд зогсож байгаад баярлалаа” гэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэл дээр хэлсэн үгэндээ Ж.Байден “ОХУ-ын эсрэг Украины дэргэд зогсоцгооё” гэсэн юм. Ингэхдээ, уг дайныг зогсоох хүч нь зөвхөн ОХУ-д л байгаа гэдгийг мөн хэлсэн. Тэрбээр Украины ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дараа долоо хоногоос АНУ-ын Абрамс танкуудыг Украинд нийлүүлнэ гэдгийг мөн хэллээ. Энэ нь маш цагаа олсон шийдвэр гэж үзэж буйгаа Украины ерөнхийлөгч мөн илэрхийлсэн байна. В.Зеленский хэдий хоёр дахь удаагаа Вашингтонд ийнхүү айлчилж байгаа ч энэ удаагийнх эхний айлчлалаас өөр байна гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Учир нь АНУ-аас Украинд үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн талаар эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа Конгресс дахь Бүгд найрамдах намынхан дуугарч эхэлсэн. Хэдий В.Зеленский конгресс дахь ардчилсан болон бүгд найрамдах намын аль аль гишүүд, хууль тогтоогчидтой уулзаж яваа ч энэ удаа өмнөх шигээ АНУ-ын конгресст үг хэлж чадахгүй байж магадгүй байна. Тодруулбал, бүгд найрамдах нам олонхийг бүрдүүлдэг төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти түүнийг үг хэлэхийг эсэргүүцжээ.
Үүгээр зогсохгүй, конгресс дахь бүгд найрамдах намын 28 гишүүн Украинд нэмэлт тусламж өгөхгүй байх бичигт гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэсэн хэдий ч энэ санхүүжилт, тусламжийг шийдэх давуу эрхтэй Ж.Байден болон түүний намын хувьд Украинд тусламж үзүүлэх нь АНУ-ын гадаад бодлогынх нь чухал хэсэг тул цаашид үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
SOURCE: GUARDIAN