Сикх үндэстний нийгэмлэгийн удирдагч Сингх Нижар энэ зун Канадын Бритиш Колумб дахь нэгэн сүмийн гадаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Ингэснээр хоёр улсын харилцаа муудаад зогсохгүй, Энэтхэг улс Канадын иргэдэд виз олгохоо зогсоож байна. Канад дахь элчин сайдын яамных нь аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан гэж Энэтхэгийн засгийн газар тайлбарлалаа.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэ долоо хоногийн эхээр уг хэргийн ард Энэтхэгийн засгийн газар байх магадлалтай сэжүүр бий гэж мэдэгдсэний улмаас нөхцөл байдал улам дордсон юм.
Гэвч тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр “Энэтхэгийг өдөөн хатгах гэсэнгүй. Энэ бол хууль хийгээд Канад иргэдийг хамгаалах асуудал юм. Энэтхэг бол ач холбогдол нь өсөн нэмэгдэж буй улс гэдэгт би эргэлздэггүй. Цаашид ч хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Харин Энэтхэгийн хувьд өөрсдийнх нь эсрэг сэжүүрийг “ор үндэсгүй” хэмээгээд, бухимдлаа ширүүхэн илэрхийлсэн билээ. Канад болон Энэтхэг улс нь худалдаа, аюулгүй байдлын чухал түншүүд хэдий ч яг одоо тэдний харилцаа түүхэн доод түвшиндээ очсон гэдгийг шинжээчид хэлж байна. Канадын виз олголт харин Энэтхэгт хэвийн хэвээр байгаа аж.
SOURCE: BBC