Хотын агаарын бохирдлын 44.2 хувь нь дулааны цахилгаан станцаас шалтгаалж байгаа бол 31 хувь нь гэр хороолол, 16.1 хувь нь автомашинаас үүдэлтэй байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, 7 буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон талаар хотын дарга Д.Сумъяабазар танилцууллаа .
Харин хамгийн их бохирдолтой нэг, хоёрдугаар бүсэд нийт хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна. Мөн энэ хэсэгт ерөнхий боловсролын 75 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байгаа юм. Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол асуудал болж байгаа бөгөөд ДЭМБ-аас хүлцэх хэмжээг 60 децибел хэмээн тогтоосон байхад Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 децибел байна. Харин ачаалал ихтэй, түгжрэлийн үед энэ хэмжээ 80-150 болж өсдөг байна.
Энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар хотын дарга ярихдаа, "Хотод 40 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь зогсоол, 15 хувь нь явган хүний зам байгууламж байх ёстой гэдэг стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд олон төвт хотын тогтолцоог хөгжүүлж, 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21 хувиар буурна гэж тусгажээ.