Украины хамгийн үнэнч холбоотнуудын нэг Польш улс үр тарианы асуудлаарх дипломат маргаан хурцдаж байгаа тул тус улсад цаашид зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий өөрийнх нь улс Украинд зэвсэг нийлүүлэхийн оронд өөрсдийгөө илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэхэд анхаарлаа хандуулна гэжээ. Энэ алхам нь хоёр улсын хооронд хурцадмал байдал нэмэгдэж буйтай холбоотой юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленский “Зарим улс Украины талд байгаа мэт дүр эсгэж ирсэн” гэж хэлсэн. Үүнийг Польшийн зүгээс “үндэслэлгүй” гэж үзэн НҮБ-ын дэргэд суугаа Украины төлөөлөгчтэй хүртэл уулзахад хүргэсэн байна.
Хоёр улсын хооронд үр тарианы асуудлаарх маргаан хурцдаж, нөхцөл байдал ийм дээрээ тулсан гэж шинжээчид үзэж буй. Тодруулбал, үр тарианы маргаан нь Орос Украины дайн эхэлсний улмаас хар тэнгисийн тээврийн гол зам хаагдаж, Украиныг хуурай газрын өөр зам хайж олоход хүргэсний дараа эхэлсэн. Ингэснээр төв Европт их хэмжээний үр тариа төвлөрөхөд хүргэсэн. Улмаар үр тарианы үнэ орон нутагт буурна гэж үзсэн Европын Холбоо Болгар, Унгар, Польш, Румын, Словак зэрэг таван улс руу үр тариа импортлохыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан юм.
Уг хориг 9-р сарын 15-нд дууссан бөгөөд Европын холбооноос сунгахгүй байхаар шийдсэн ч Унгар, Словак, Польш улсууд үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийджээ. Европын комиссын зүгээс худалдааны бодлогыг ЕХ-ны гишүүн орнууд дангаараа шийдэхгүй гэдгийг угтаа сануулсан байдаг. Гэвч энэ долоо хоногийн эхээр Украйн улс эдгээр орнуудын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) нэхэмжлэл гаргасан ба тэднийг олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн. Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко “Гишүүн улс тус бүр Украины бараа бүтээгдэхүүний импортыг хориглох боломжгүй гэдгийг батлах нь бидний хувьд нэн чухал” гэж мэдэгдэв. Гэвч Польш улс хоригоо хэвээр үлдээнэ гэж мэдэгдсэн байна.
SOURCE: BBC