“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдрөөс эхэллээ. 18 дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Нээлтийн үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гараад байна. Бид үр тарианы хувьд 1 га талбайгаас 15 центнэр ургац хураан авлаа. 480 мянган тонн ургац хураан авахаар урьдчилсан баланс гарлаа. Төмс, үр тарианы хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангана. Хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээнийхээ 82 хувийг хангах тооцоо анх удаа гарлаа. Энэ жил 165 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар баланс гарна гэдэг бол түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт. Ногоочид маань төрөл бүрийн сортын, зүйлийн ногоонууд авчирсан байна. Гадаадаас авдаг байсан нарийн ногоог хүртэл дотооддоо тарьж байгаа нь онцлог юм. Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд, гадны ногоо хэрэглэх биш, өөрийн, эрүүл, экологийн цэвэр хөрсөнд тарьсан ногоог хэрэглээрэй. Монголын өвлийн -40 хэмийн хүйтэн бол хөрсийг эрүүлжүүлж, ашиггүй бактериудыг устгаж байдаг. Хөрс эрүүл бол хүнс дагаад эрүүл байдаг юм шүү.
Ногоочид маань ногоогоо урам зоригтой хураагаад, ид явж байна. Төрөөс тариаланчид, ногоочдоо дэмжиж, хөнгөлөлттэй зээл тусламж, үрийн хөнгөлөлт олгоход анхаарч байна. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг хөдөө аж ахуйн компаниудад олгож байна. Нөгөө талаас импортын ногооноос дотоодын зах зээлээ хамгаалахын тулд, борлуулалтыг нь дэмжиж, импортын гаалийн татварыг нэмэгдүүлэхээр тооцож байна. Энэ асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ. Ингэж дотоодын ногоочид маань ашигтай ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.