Ливийн үерийн гамшигт нэрвэгдсэн Дерна хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, тэмцэгчид тус хотын захирагчийн гэрийг шатаасан хэрэг гарлаа.
Жагсагчид даваа гарагт Дерна хотод цуглан тус хотын удирдлагуудыг татан буулгахаар болсон байна. Тус хотын зөвлөл тарсан байдалтай байгаа бөгөөд интернэт тасалж, утсаар холбогдох боломжгүй болжээ. Үүнийг дагаад сэтгүүлч нар нөхцөл байдлын талаар газар дээрээс сурвалжлахад мөн төвөгтэй байгаа аж. Иймээс иргэдийн бухимдал хотын захирагч Абдулменам аль-Гайтигийн гэрийг шатаахад хүргэжээ.
Оршин суугчид их хэмжээний усархаг бороо орж, үерийн гамшиг болох гэж байгаа талаар урьдчилсан мэдээлэл огт аваагүй бөгөөд албаныхан энэ талаар мэдээлж болох байсан гэж маргаж байгаа юм.
Түүнчлэн тэднийг нүүлгэн шилжүүлэхийн оронд гэртээ бай гэж анхааруулга өгсөн гэнэ. Муаммар Каддафи тус улсыг олон жилийн турш удирдсан ба түүнийг огцруулснаас хойш Ливи улс хоёр засгийн газартай болсон. Нэг нь НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн ба Триполи хотод төвтэй байдаг бол нөгөө нь тус улсын зүүн хэсэгт Генерал Халифа Хафтарын удирдлага дор байдаг.
Хэдий тэрбээр үерийг байгалийн гамшиг гэсэн ч Ливийн иргэд үүнтэй санал нэгдэж чадахгүй байна. Тэд далангийн “хэврэг” байдлыг бүр эртнээс л хүмүүс сануулж байсныг онцлон ярьж байгаа юм.
Түүнчлэн хоёр жилийн өмнө тус бүс нутгийн иргэд энэ асуудлаар хотын захиргаандаа анхааруулж, засвар хийхийг шаардсан ч амжилт олоогүй аж. Дерна хот үерт автаж, хуучны хоёр далан нурсны улмаас 10 мянга гаруй хүн сураггүй алга болсон юм. Харин нас барагсдын тоо тодорхойгүй байгаа бөгөөд НҮБ-аас 4000 мянга орчим гэж мэдэгдээд байна.