БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Түүний айлчлалын баг бүрэлдэхүүнд эмэгтэй дүү нь болох Ким Ёо Жон мөн байсан юм.
БНАСАУ-ын эрх баригч намын өндөр албан тушаалтан тэрбээр Ким Жон Уныг Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрт зочлох үед нь 7000 ам.долларын Диор брендийн цүнх барьсан байсныг БНСУ-ын хэвлэлүүд тодотгож байна. Тэдний гэр бүл олны нүдэнд ганган хэрэглээгээрээ харагдсан анхны тохиолдол нь энэ биш юм. Тухайлбал, энэ оны 3-р сард “Хвасон 17” тив алгасагч балиистик пуужингийн туршилтын үеэр Ким Жон Уны охин Ким Чу-Аэ мөн л Диор брендийн 1900 ам.долларын хар куртка өмссөн байсан билээ. Ким Жон Ун өөрөө ч үнэ бүхий бугуйн цаг зүүсэн байсан нь 2020 онд олны анхааралд өртөж байв.
Сүүлийн жилүүдэд Умард Солонгост тансаг зэрэглэлийн барааны эрэлт нэмэгдэж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Өмнө нь энэ нь зөвхөн Кимийн гэр бүлийн худалдан авалтаар л хязгаарлагддаг байсан бол сүүлийн үед тус улсын хэд хэдэн элит олон улсын дээд зэрэглэлийн брэндүүдийг худалдан авах боломжтой болсон аж. Пхеньян дахь төрийн өмчит дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээс ам.доллар авч, хариуд Умард Солонгосын воныг өгч тансаг зэрэглэлийн бараа зардаг байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2270 тоот тогтоолын дагуу тансаг зэрэглэлийн брэндүүдийг Умард Солонгост импортлохыг шууд хориглосон ч Кимийн гэр бүл тэдэнд тансаг хэрэглээний бараа, хоол хүнс худалдаж авдаг тусдаа байгууллагатай гэж хэвлэлүүд мэдээлсэн юм. Тус улс хүнсний хомстол, эдийн засгийн хямралтай байгаа гэдгийг зарим шинжээч мөн онцоллоо.