Хоёр хүүхдийн ээж Ч.Мөнхнасан шинэ бизнесээ эхлүүлээд жил орчим болж байна. Тэрээр бага хүүгээ дөрвөн сартай байхад нь энэ санаагаа олжээ. “Хүүхдүүд органик, химийн найрлагагүй, боломжийн үнэтэй хувцас яагаад өмсөж болохгүй гэж” хэмээн бодсоны үндсэн дээр тэр боломж эрэлхийлжээ. Ингээд тэр судалсны үндсэн дээр Вьетнам улсаас “Lecoon” брэндийн хүүхдийн хувцсыг оруулж ирж худалдаалдаг болжээ. Анх бараагаа хүлээж аваад, яаж хадгалах, хүргэхээ мэдэхгүй сандарч байснаа бодоход өнөөдөр тэд зүгширч дэлгүүрээ нээгээд амжжээ. Өнөөдөр Ч.Мөнхнасан хоёр хүүхдээ харахын зэрэгцээ ханийнхаа хамтаар дэлгүүрийнхээ ажлыг тасралтгүй авч явж байна. “Хүн дараа нь харамсаж байснаас шууд л зориглоод үзэх хэрэгтэй юм билээ” хэмээн ярих түүний яриаг үзэгч, уншигч танд хүргэж байна.
“ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭЙ Ч БИЗНЕСИЙН САЛБАРТ ЗОРИГЛОЖ ОРСОН”
Намайг Мөнхнасан гэдэг. Хоёр хүүхэдтэй. Бизнесээ эхлүүлээд нэг жил болж байна. Хүүхдээ дөрвөн сартай байхад нь эхэлж байлаа. Анх хүүхэдтэй болчихоод дэлгүүрээр явахаар химийн найрлага багатай, органик хүүхдийн хувцас олдохгүй байсан. Олдсон ч маш үнэтэй. Ингээд бага хүүхдээ төрсний дараа “Lecoon”-ы хувцсыг олж өмсгөсөн юм. Үүний дараа нөгөө компанитайгаа холбогдоод, франчайз эрхийг нь аваад, Монголдоо худалдаалж эхэлсэн. Анх хоёр хүүхдээ дагуулаад, дөрвүүлээ бараагаа хүргэдэг байлаа. Бүр анхны хүргэлтээ манай нөхөр дугуйтай явж өгч байсан удаа ч бий. Одоо манай том охин 5 настай. Хүү маань ой гарантай. Томыг нь цэцэрлэгт зөөнө. Багыг нь өөрөө харна. Хажуугаар нь бизнес эрхэлнэ. Нэлээн завгүй л байна. Гэхдээ завгүй байх тусмаа гоё санагддаг.
“ЭХНЭРЭЭ ДЭМЖЭЭД ӨГВӨЛ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГ ЮМ ШҮҮ”
Би анх маш том зориг гаргаад бизнес хийж эхэлсэн. Уг нь огт өөр мэргэжилтэй, эмийн үйлдвэрийн инженер хүн шүү дээ. Нэг жил болоод учраа олоод “Захиалга, түгээлтээ яаж хийж вэ, нөөцөө яаж хадгалах вэ гээд энэ бүхнийхээ учрыг олчихоод явж байна. Манай нөхөр төрийн байгууллагад ажилладаг. Өглөө гараад л орой ирдэг. Хоёр хүүхдийн бүх асуудал миний гар дээр. Хүүхдээ зөөнө. Багыгаа өдөржин харна. Хажуугаар нь дэлгүүрийнхээ юмыг хийнэ. Тэр болгоныг өөрөө л амжуулж байгаа. Амралтын өдрүүдэд манай нөхөр тусална.
Хүүхдээ хараад гэртээ байгаа эмэгтэйчүүд маш стрэсстэй, нийгмээс маш их хөндийрчихдөг. Түүнээсээ болоод сэтгэлээр унах, стрэссээ нөхөр, хүүхдэдээ гаргах үе ч бий. Түүнийг нь хүмүүс ойлгодоггүй юм байна лээ. Хэрвээ таны эхнэр, эмэгтэй дүү, эгч, эмэгтэй найз чинь ямар нэгэн бизнес хийхийг хүсэх юм бол аль болох л боломжоороо дэмжээд өгөөрэй. Та нар жаахан л дэмжчихвэл тэр хүнээс юу ч гарч магадгүй гэж хэлмээр байна.
“ЦЭВЭР ДААВУУН, БОЛОМЖИЙН ҮНЭТЭЙ, ЗАГВАРЛАГ ХУВЦАС НИЙЛҮҮЛЖ БАЙГААДАА БАЯРТАЙ ЯВДАГ”
Анх цэвэр даавуун материалаар хийсэн, гоё өнгөтэй, загварлаг, минималист стильтэй хувцас оруулж ирье гэж бодсон. Ингээд Вьетнамаас хайгаад, “Lecoon” гэдэг брэндийг олсон. Энэ брэндийн хувцаснуудыг 100 хувь олон улсын стандартад нийцсэн, органик даавуугаар хийдэг. Памперсны өндөр суудалтай өмдтэй. Хүүхдүүд мөлхөхөөр, суухаар, гэдэс, нуруу нь гараад байдаг. Хөлд ороод тоглохоор өөрт нь тухгүй байдаг шүү дээ. Харин манай хувцас товчтой, товчлоод боди шиг болчихдог. Тэгэхээр хүүхдийн гэдэс, нуруу нь гарахгүй тоглож болдог. Өөрт нь гоё эвтэйхэн. Өнгө будаг гарахгүй. Янз бүрийн химийн аюултай найрлага байхгүй. Цэвэр органик.
Арьсны харшилтай, эмзэг арьстай хүүхдүүд манайхаас хувцас хамгийн их авдаг. Тэр хүүхдүүд маань, ширүүн, хатуу даавуутай хувцас өмсөхөөр арьсыг нь үрээд, улайлгаад байдаг. Үнийн хувьд 40 мянгаас 65 мянгын хооронд л хэлбэлздэг. Маш боломжийн. Гадуур органик даавуун хувцас гээд хайвал 150-350 мянган төгрөгийн хооронд байдаг.
“ЗОРИГЛООД ҮЗЭЭРЭЙ. ТА ЧАДНА АА”
Үнэхээр оролдож үзэхгүй байж байгаад дараа нь би тэрийг хийсэн бол яах байсан бол доо гээд бодоод яваад байвал хэцүү. Ямар нэгэн юмыг хийгээд үзье гэсэн сэтгэл байх юм бол зоригтой эхлээд үзээсэй л гэж уриалмаар байна. Мөн Нөхөртөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Шантрах үе болгонд дандаа араас минь түлхэж өгдөг. Би ямар нэгэн том группын захирал юм уу, том бизнес эрхлэгч биш, зүгээр л хоёр хүүхдээ хараад хийж байгаа бизнес маань болохоор бага насны хүүхэдтэй ээжүүд, аавууд, өвөө, эмээ нар маань манай бяцхан бизнесийг маань дэмжээрэй гэж хэлмээр байна.
Видеог дээрээс үзнэ үү.