Олон улсын харилцааны судлаач профессор Д.Баярхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ярихдаа, “78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга болоод чуулганы дарга нар өөрсдийн илтгэлийг тавьчихлаа. Дэлхий нийтийн өмнө маш ноцтой хямрал, аюул тулгарчихлаа. Дэлхий тайвангүй байна. Хүн төрөлхтөн зовлон зүдгүүрийг туулж байна. НҮБ-ын гишүүн улс орнууд дүрэмд заасан үүргээ чанд сахиж мөрдөх аваас хүн төрөлхтөн ийм хямралтай нүүр тулахгүй. Дэлхий ертөнцөд тулгарсан үйл явдлууд гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг зохицуулах механизм, институт дутаж байна. НҮБ дээр реформ хийх шаардлага зайлшгүй бий болжээ гэж.
Олон орныг нэр зааж тэмдэглэлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр Ливд айхтар том үер болж. Маш олон хүний амийг авсан байна. Мароккод айхтар газар хөдөлсөн байна. Дээр нь Орос, Украины дайн. Энэ бол хүн төрөлхтөнд ямар аюул учирч байгаа тухай, цөмийн дайны аюулаар заналхийлж байгаа тухай. Дайн гэдэг хүний эрхийг ноцтой зөрчдөг. Энэ асуудлыг улс болгон дээр тоочин ярьж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг айхтар зөрчиж байна. Энэ мэтээр аюул их байгаа. Мөн эрчим хүчний хямралын талаар ярилаа. Африк тив тэр чигтээ эрчим хүчний дутагдалд орчихсон. Тог цахилгаан хэрэглэх боломжгүй болсон. Өнөөдөр хүлэмжийн хийн 80 хувийг ялгаруулчхаад байгаа хөгжингүй орнуудад маш том хариуцлага, ял оноох хэрэгтэй ч гэж хэлж байна. Ер нь тайван, тогтвортой дэлхийн талаар огт ярилцсангүй. Ерөнхий нарийн бичгийн илтгэлийг сонсох юм бол аюул ойрхон байгааг ухаж, сэтгэл түгшээсэн мэдээллийг өглөө" гэв.