
Сикх үндэстний нийгэмлэгийн удирдагч Сингх Нижар энэ зун Канадын Бритиш Колумб дахь нэгэн сүмийн гадаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Энэ явдал Сикх үндэстний салан тусгаарлагчид болон Энэтхэгийн засгийн газрын хоорон дах хурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн юм.
Дэлхий даяарх түүнийг дэмжигчид зунаас хойш Торонто, Лондон, Мелбурн, Сан Франциско зэрэг хотуудад жагсаал өрнүүлж, түүний үхэлд Энэтхэгийн засгийн газрын буруутгасан юм.
Тэгвэл энэ сард Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Канадын тагнуулын алба энэ хэрэгт Энэтхэг холбоотой гэсэн сэжүүр олсныг мэдэгдсэн. Харин Энэтхэгийн засгийн газраас өөрсдийнх нь эсрэг энэ бүх мэдэгдлийг няцаагаад буй. Сикх үндэстэн нь Энэтхэгийн нийт хүн амын 2 хувийг эзэлдэг. Х.Нижар нь Энэтхэгийн Пенжаб мужийн нутаг дахь сикхүүдийн Халистан гэдэг хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг дэмждэг байсан ба тус бүс нутагт 1980-аад онд мөргөлдөөн ширүүсэж, олон хүн амиа алдаж байсан гашуун түүх бий.
Энэтхэгийн засгийн газрын хувьд Халистан хөдөлгөөнийг дэмждэггүй . Канад бол Пенжабаас гадна сикх үндэстнүүдийн олноор амьдардаг газар билээ. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэ сарын эхээр Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа энэ асуудлыг нилээд “ширүүн” хөндсөн юм.
Тодруулбал, Нарендра Моди “Канад улс дахь Энэтхэгийн эсрэг үзэл, экстремист байдалд санаа зовж байна” хэмээн Жастин Трюдод хэлсэн бол Канадын ерөнхий сайд хариуд нь “Манай нутаг дэвсгэрт Канадын иргэний амийг хөнөөхөд өөр улсын засгийн газар оролцсон бол энэ нь манай бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл болно. Бид хууль дүрэмтэй улс. Иргэдээ хамгаалах нь бидний үүрэг” гэсэн юм.
Канадын албаныхан энэ хэргийн хүрээнд шалгалт хийж эхэлсэн ба АНУ тусламж үзүүлж байгаа гэх мэдээлэл мөн байгаа юм.
SOURCE: BBC