НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган энэ долоо хоногоос АНУ-ын Нью-Йорк хот дахь төв байранд эхэллээ. Энэ жил 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд оролцож байгаа юм. Үүнтэй зэрэгцэн “Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх дээд хэмжээний уулзалт” мөн энэ жил болж буй. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “дэлхий нийтийг аврах төлөвлөгөө” хэрэгтэй байгааг санууллаа.
Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь өлсгөлөнг зогсоож, ядуурлыг бууруулахад чиглэсэн бүх талыг хамруулсан цогц төлөвлөгөө бөгөөд анх 2015 онд баталж байсан түүхтэй. Түүнээс хойш найман жил хэдийн өнгөрсөн ба улс орнууд амласан үүргээ биелүүлэхэд ердөө долоон жилийн хугацаа дутуу байна. А.Гутерреш энэхүү 17 зорилгын 15 хувь нь л хэрэгжиж байгаа ба зарим зорилгын хүрээнд хийгдэж байгаа ажлууд “улам дордож” байгаа гэдгийг онцоллоо.
Мөн НҮБ-ын тэргүүн Тогтвортой хөгжлийн зорилгууд нь зүгээр нэг жагсаалт бус, харин хүн бүрийн итгэл найдвар, эрхийг тээж яваа чухал асуудлууд гэдгийг хэлсэн юм. Ингэхдээ тэрбээр Тогтвортой хөгжлийн хоёрдугаар зорилго болох “өлсгөлөнг зогсоох” асуудал нь улам хүндэрч байгааг дурьдаж, өдгөө дэлхий дээр олон сая хүн өлсөж байгаа нь хүн бүрт хамаатай асуудал, өлсгөлөн бол бидэнд нүүрлэсэн томоохон аюул заналхийлэл гэдгийг цохон тэмдэглэжээ. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мөн ахиц дэвшил “дорвитой” гарахгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлж, хөгжиж буй орнууд чинээлэг орнуудаас дэмжлэг хүлээж байгааг хэлсэн байна.
SOURCE: DW