Хятадын гадаад хэргийн сайд Ван И ОХУ-д дөрвөн өдрийн айлчилж буй. БНХАУ-ын гадаад хэргийн яам уг айлчлалыг “стратегийн аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт” гэж тодотгосон. Ван И айлчлалын эхний өдрөө ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзсан юм. Талууд “Дайныг дуусгах аливаа саналд Оросын эрх ашгийг тусгах ёстой” гэдэгт санал нэгдсэн байна.
БНХАУ-ыг Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байгаа гэж үздэг ч тэд өөрсдөө няцаасаар ирсэн юм. Түүнчлэн Ван И-гийн уг айлчлалаар В.Путин БНХАУ-д айлчлах томоохон алхмыг тавилаа гэж шинжээчид үзэж байна. ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хоёр улсын гадаад хэргийн сайд нар Орос, Украины дайны талаар хэлэлцсэн ба хямралыг зогсоох аливаа оролдлогод ОХУ-ын оролцооны ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.
Энэ оны эхээр Ван И мөн ОХУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан ба энэ үеэрээ дайныг энх тайвнаар шийдвэрлэх Хятадын төлөвлөгөөг танилцуулж байсан юм. Уг “энхийн төлөвлөгөө”-нд Украины газар нутгаас Оросын цэргүүдийг гаргах тухай заагаагүй байсан нь Украин тэргүүтэй барууны холбоотнуудаас шүүмжлэл дагуулж байсан билээ.
Мөн АНУ-ын зүгээс дайн эхэлснээс хойш Хятадыг ОХУ-д эдийн засаг тусламж үзүүлж, чухал технологийг нийлүүлж байна хэмээн буруутгаж буй. Энэ оны долдугаар сард нийтэлсэн АНУ-ын тагнуулын тайланд Хятад улс "Барууны хориг арга хэмжээ болон экспортын хяналтуудын нөлөөллийг бууруулах зорилгоор Орост эдийн засгийн дэмжлэг үзүүлэх олон төрлийн механизмыг хэрэгжүүлж байна" гэж дурдагдсан байсан юм.
Хятад улс Оросоос авах эрчим хүчний экспортын худалдан авалтаа нэмэгдүүлж, Оростой хийх гүйлгээнд мөнгөн тэмдэгтээ хэрэглэх нь огцом нэмэгдэж байгаа гэж уг тайланд мөн дурдсан ба Украинд ашиглаж байж болзошгүй нисгэгчгүй онгоц гэх мэт иргэний болон цэргийн зориулалтаар ашиглах боломжтой хос технологийн нийлүүлэлтийн талаар ч мэдээлсэн байсан юм. Харин Хятад улс эдгээр мэдэгдлийг удаа дараа няцааж, дайны талаар бодитой байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр В.Путин Ши Жиньпинтэй уулзах гэж байгаа талаараа хэлсэн ч хэзээ гэдгийг хэлээгүй. Шинжээчид түүнийг ирэх сард болох “Бүс ба зам” чуулганд оролцоно гэж таамаглаж байна.
SOURCE: BBC