
Жил тойрч хүлээгдэж байгаа нүүрсний сонсгол яг хэдэнд болох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ-ын дарга шийдвэрээ гаргаса тул намрын чуулганы эхэнд нүүрсний хулгайн асуудал зүй ёсоор орж ирэх нь тодорхой байна. Чуулган эхлээгүй тул төрийн ордон эль хуль байна.
Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БОЛ МӨСӨН УУЛЫН ОРОЙ
Нүүрсний хулгайн сонсголын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах хэрэгтэй. Ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах хэрэгцээ үүсэж байна. Бид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Өмнө нь байгуулсан түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд байгуулсан. Энэ түр хороо хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд, хил хяналтын бүсийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр ложисткийн нэвтрүүлэх чадвар, түүний өсөлт, гээд найман үндсэн асуудлаар ажиллуулахаар нэг жилийн өмнө байгуулж байсан. Нүүрсний хулгай бол зөвхөн асуудлын, мөсөн уулын орой. Тиймээс бид нухацтай авч үзэх ёстой” гэсэн юм.
Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нэр бүхий 11 хүнд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар багтаж байна. Хойшлоод байсан шүүх хурал өнөө өглөөний 09 цагт эхлэх товтой байна. Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр шалгаж байна. Харин Т.Аюурсайхан нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” хэргээр шалгаж байна.
Нүүрсний хулгайн асуудал өнгөрсөн өвөл хүчээ авч, УИХ-ыг тараах хүртэл асуудал яригдаж байсан. АТГ-аас нүүрсний хулгайн хэргээр холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг хүртэл зарлаж байлаа. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас авхуулаад урт жагсаалт хөвөрсөн. Гэтэл 9 сарын хугацаа өнгөрөхөд нүүрсний гэх хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй л байна. Тиймээс Т.Аюурсайхан нарын шүүх хурал хүлээлттэй ихтэй, шүүх шударгаар шийдвэр гаргаж чадах уу гэдэгт олон нийт чих тавьж байна.
ИРГЭД: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ЁСТОЙ
Шүүх хуралтай зэрэгцээд, нүүрсний хулгайн сонсголыг зохион байгуулж, бүх зүйлийг ил тод болгох ёстой гэсэн олон нийтийн хүлээлт байна. Бэлтгэлээ хангаж байна хэмээн хойшлуулсаар байгаа нь авлига, хулгайг өгшүүлснээс ялгаагүй үйлдэл гэж олон нийт буруутгаж байна. Иргэд “Тэр их мөнгөний асуудлыг яаж мартах вэ дээ. 40 их наяд гэдэг миний хувьд төсөөлж ч чадахгүй тийм их мөнгө. Иргэд энэ бүхнийг мартаагүй. Нээлттэй сонсгол зарлана гэчхээд өнөөдрийг хүртэл нам жим байгаа нь иргэдийг доромжилж буй асуудал гэж бодож байна. Иргэн хүний хувьд эрх баригчид булхайгаа далдлах гээд өөр олон асуудлыг олон нийтийн анхаарлыг төвд оруулаад байна уу гэсэн хардлага байна. Засгийн газрын тусгай сангуудыг асуудлыг бодлогоор сөхөөд нүүрсний хулгайн хэргээ дарах гээд байгаа ч юм шиг. Асуудлыг гол цөм нь нүүрсний хулгайн хэрэг. Үүнийг бид мартаж болохгүй. Ард түмний ирээдүйг өөрсдийнхөө эрх ашгаар арилжсанд үнэхээр бухимдаж байна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.