"Санхүү, банкны эмэгтэйчүүд" чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Чуулганы ач холбогдлын талаар Санхүү, банкны эмэгтэйчүүд" ТББ-ын тэргүүн Д.Энхжаргалаас тодрууллаа.
Санхүү, банкны эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулган амжилттай болж өндөрлөж байна. Чуулганд банк, банкны бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо гээд банк санхүүгийн салбарын 25 мянган эмэгтэйг төлөөлсөн манлайлагч 650 эмэгтэй энэ чуулганд оролцлоо. Зөвхөн санхүүгийн салбар гэлтгүй, байгаль орчны салбарын манлайлагчид гээд чуулганы оролцогчдын цар хүрээ өргөн хүрээг хамарлаа. Чуулганаасаа тунхаглал гаргалаа. Энэ тунхаглалд “Монгол улсдаа хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоон байгуулахад Санхүү банкны эмэгтэйчүүд манлайлан, түүчээлэн оролцоцгооё. Ингэхдээ банк санхүүгийн байгууллагууд хүний эрхийн магадлан шинжилгээ, дүгнэлт хийлгүүлье. Банк санхүүгийн салбарын ажилтнуудынхаа дунд хүний эрхийг дээдэлсэн соёлыг бий болгох, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлуудыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллацгаахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн, банк санхүүгийн салбарын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг учраас ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангахын тулд энэ чиглэлээр анхаарч байна. Хүүхдэд ээлтэй орчин бий болгох, ялангуяа өрх толгойлсон аав, ээжүүдэд дэмжлэг болох үүднээс байгууллагын дэргэд цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв ажиллуулахаар зорьж байна. Мөн хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн ажлын байранд илүү тааламжтай нөхцлүүдийг бий болгох зэрэг олон санаачилгуудыг бий болгохоор ярилцсан.
Үүнээс гадна, бид банкны харилцагчдадаа хүрч ажиллахад нэг дутагдалтай тал бий. Энэ нь айл бүрийн хаалган дээр шуудангийн хайрцаг байдаггүй. Ингэснээр харилцагчидтайгаа тулж ажиллах боломжгүй байдлыг бий болгодог учраас айл бүрийг шуудангийн хайрцагтай болгох ажлыг уриалж, санаачиллаа.
Бид эмэгтэйчүүдийнхээ сайн сайхны төлөө, ялангуяа, төвөөс алслагдсан орон нутагт байгаа эмэгтэйчүүдддээ санхүүгийн боловсрол олгох талаар нэлээд ажлыг зохион байгуулсан. Мөн банк бүр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй болсон. Тухайн банкны үйлчилгээний нөхцөлөөс хөнгөлөлтэй нөхцөлийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, хугацаа нь урт, хүү нь бага байх бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, Хаан банк дээр босгосон эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашигласан. Өнөөдөр банк шинээр ийм хэрэгцээ маш их байна гэж үзээд, гадаадын зах зээл дээрээс илүү их санхүүжилт босгож, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа бидэнд хэлсэн.
Бидний үйл ажиллагааг дэмжиж УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр оролцож, илгээлт, зөвлөмж, санал өгсөнд бид маш их урам зориг авсан. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бидэнд илгээлт мэндчилгээг ирүүлсэн. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд, санхүү банкны эмэгтэйчүүд бусад салбараасаа түрүүлж, манлайлж, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлохоод хувь нэмрээ оруулж байгааг үнэлж байгаад бид их баяртай байна.
Видеог дээрээс үзнэ үү.