АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрсөн амралтын өдрүүдээр Мальтад Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй "илэн далангүй" яриа хэлэлцээ хийсэн гэжээ. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг Номхон далайн бүс нутаг дахь худалдаа, цэрэгжүүлэлтийн асуудлаас болж үүссэн таагүй харилцаагаа тогтворжуулахыг эрмэлзэж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Бямба, ням гаригт болсон хоёр өдрийн хэлэлцээний үеэр Ван И Тайвань буюу Хятадын өөрийн нутаг дэвсгэр гэж зарладаг, өөрөө удирддаг, ардчилсан арлын асуудлыг "Хятад, Америкийн харилцаанд давж болохгүй улаан шугам" хэмээн тодорхойлжээ.
Харин АНУ Тайванийг Хятадын болзошгүй түрэмгийллээс хамгаалахаа амласан. Уг уулзалтын талаарх цагаан ордны мэдэгдэлд "АНУ Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг хангахын чухлыг тэмдэглэж, хоёр албан тушаалтан харилцаа холбооны стратегийн сувгийг хэвээр үлдээж, өндөр түвшний нэмэлт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн" гэж дурджээ. Нөгөө талд, Мальтагийн уулзалтын талаарх Хятадын засгийн газрын мэдэгдэлд "Хоёр тал илэн далангүй, бодитой, бүтээлч стратегийн харилцаа холбоог тогтворжуулах хэлэлцээ хийлээ" гэж АНУ-төй төстэй тодорхойлолт бичжээ. Хятад улс АНУ-ыг үндэсний аюулгүй байдал нэрийн дор технологи, худалдааны асуудлыг “зэвсэг бүхий салбар болгосон” гэж буруутгаж байгаа бол АНУ Хятадыг Тайвань, Номхон далайд цэргийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулав.
АНУ Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг дарахын тулд Номхон далайд аюулгүй байдлын эвсэл байгуулсан гэж хэвлэлүүд мөн онцолж байгаа юм. Жэйк Салливаны Ван И-тэй хийсэн уулзалт нь энэ оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нарын уулзалтын үндсийг тавьж болох өндөр түвшний цуврал хэлэлцүүлгийн хамгийн сүүлийнх нь байлаа.
SOURCE: REUTERS