Ачааны хоёр хөлөг онгоц хар тэнгисээр дамжин Украинд ирснийг тус улсын удирдлагууд мэдэгдлээ. Ингэснээр 20 мянган тонн улаан буудай дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна.
Өмнө нь уг замаар зөвхөн Украинаас гарч байгаа хөлгүүд л зорчдог байсан юм. Украины хөдөө аж ахуйн сайдын мэдээлснээр уг хөлгүүд Египет, Израиль руу үр тариа экспортлох аж. Украины үр тарины экспортыг хар тэнгисээр дамжуулан гаргах гэрээнээс ОХУ гарсны дараа Украин өөр арга зам хайх хэрэгтэй болсон. ОХУ-ын хувьд дээрх гэрээ нь өөрсдөд нь ашиггүй, мөн барууны хориг арга хэмжээ хөдөө аж ахуйн экспортыг нь хязгаарлаж байна гэж үзсэн юм.
Үүгээр зогсохгүй Украин руу явж буй хөлөг онгоцууд руу агаарын цохилт өгөх эрсдэл үүсээд байсан билээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр Их Британи ОХУ-ыг Украины Одесс боомт дахь хөлөг онгоц руу далавчит пуужингаар харвасан гэж буруутгасан юм. Украин нь наранцэцгийн тос, арвай, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг дэлхийн хамгийн том үр тарианы нийлүүлэгчдийн нэг. 2022 оны 2-р сард Орос Украины дайн эхэлснээр Оросын тэнгисийн цэргийн хүчин Украины хар тэнгисийн боомтуудыг хааж, экспортлох зориулалттай 20 сая тонн үр тариаг гацаагаад байсан. Улмаар дэлхийд хүнсний үнэ өсөж, Украинаас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн импортолдог Ойрхи Дорнод, Африкийн орнуудад хүнсний хомстол үүсэх аюул бий болсон юм. Афганистан, Йемен, Судан, Этиоп зэрэг улсуудад одоо ч гэсэн хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай хэвээр байна. Хар тэнгисээр өнгөрч буй хөлөг онгоцуудыг ОХУ онилох эрсдэлтэй хэвээр байгаагийн зэрэгцээ Украины боомтын дэд бүтэц мөн хэд хэдэн удаа халдлагад өртсөн юм.
Тодруулбал, энэ оны долдугаар сараас хойш Украйны үр тарианы ихэнх экспорт гарч байсан Измайл, Рени боомтууд руу ОХУ-ын арми удаа дараа халдаж, үйл ажиллагааг нь тасалдуулах оролдлого хийсэн.
Украины эрх баригчид Оросыг үр тарианы экспортод нь хохирол учруулж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн оролдлого хийж байна хэмээн буруутгасаар байна.
SOURCE: BBC