Энтертайнмент салбар дахь хамгийн цуутай хүмүүсийн нэг бол жүжигчин Рассел Бранд. Дуучин Кэти Перритэй гэрлэснээс авхуулаад түүнийг тойрсон үйл явдлууд үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн. Гэвч жүжигчин залуу дөрвөн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл гарсны улмаас асуудал хүндэрч эхлэв.
BBC, Channel 4 тэргүүтэй байгууллагууд түүний холбогдсон хэргийг судлахаар болсноо зарласан. Тодруулбал, жүжигчин залууг 2006-2013 оны хооронд бэлгийн хүчирхийллийн хэргүүд үйдсэн гэж хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм.
Үүгээр зогсохгүй эмэгтэйчүүдтэй харьцах хандлага нь ч мөн хүчирхийллийн шинжтэй байдаг талаар хамт ажиллаж байсан эмэгтэйчүүд нь мэдээлжээ. Рассел Бранд BBC-д 2006-2008 оны хооронд радионы хөтлөгчөөр ажиллаж байсан бол Channel 4-д ч мөн ажиллаж байсан байна. Тиймээс эдгээр хэвлэлийн байгууллагууд дотооддоо шалгаж эхлэхээр болсон нь энэ юм.
Хохирсон гэх эмэгтэйчүүдийн мэдээлснээр жүжигчин эр “маш зохисгүй, ноцтой” авир олон удаа гаргасан байна. Одоогоор цагдаагийн албанд албан ёсоор гомдол ирээгүй байгаа. Энэ мэтчилэн энтертайнмент салбар дахь асуудлуудыг нуулгүй, ил гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг хэвлэлүүд мөн уриалж эхэлжээ.