Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Бүгд Найрамдах Куба улсад Куба Улсын Засгийн газрын тэтгэлгээр арван оюутан суралцаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийн хүрээнд нэг оюутан суралцаж байгаа. G77 уулзалтын үеэр эдгээр оюутан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нартай уулзлаа. Мөн оюутнуудад сар бүр 200 долларыг олгож эхлэхээр болжээ. Бид Куба улсад суралцаж буй 11 оюутны төлөөллүүдтэй уулзаж ярилцсан юм.
Оюутнууд:
- Сайн байна уу? Намайг Төгс-Итгэлт гэдэг. Би Хүний их эмчээр суралцаж байгаа оюутан. Энд сурч, ажиллаад долоон жил болсон байна. Бидэнд сар бүр 200 долларыг амьжиргааны зардал болгож өгөхөөр боллоо. Энэ мөнгө бидний амьдралд хүрэлцээтэй байж чадах хэмжээний мөнгө гэж бодож байна. Яагаад гэхээр Куба улсад долларын ханш их өндөр байгаа. Энэ мөнгөөр сардаа хэрэглэх хоол хүнс, утас интеретийн хэрэглээгээ хангалттай төлж чадна.
- Хүн ер нь очсон газраа төрсөн нутагтайгаа харьцуулж хардаг. Би Дорнод аймгийнх л даа. Мэдээж гэр бүлтэйгээ хамт байхыг юугаар ч зүйрлэж орлуулашгүй юм билээ. Энд ирээд эх орноо их санадаг байсан. Долоон жилийн бүхий л хугацаанд маш халуун байгаа нь хүртэл асуудал. Мөн Монгол хэлээ их санадаг юм билээ. Монголдоо очоод ярихаар бидний эх хэл үнэхээр чихэнд чимэгтэй байдаг. Эх орныхоо үнэ цэнийг танихгүй олон дунд, өөр соёл дунд орж байж л мэдэрдэг юм билээ. Нөхцөл байдлаас болоод эх орондоо дөрвөн жил очсонгүй. Аав, ээж, дүү, ахыгаа маш их санаж байна. Аав ээж минь сар болгон надад мөнгө явуулдаг. Одоо тэгэх шаардлагагүй боллоо. Аав ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
- Би ирээд найман сар болж байна. Одоо бол орчиндоо дасаж л байгаа. Хэцүү үеүд ард хоцорсон гэж бодож байна. Намайг сурах бүх орчныг бүрдүүлж дэмжсэн ээждээ маш их баярлалаа. Таныхаа ачаар охин нь харийн орноос эрдэм өвөртлөхөөр ирж чадсан юм шүү гэж хэлмээр байна.