Өрөг.мн сайтын сурвалжлах баг Бүгд Найрамдах Куба улсын Хавана хотод болж буй НҮБ-ын 134 улсыг нэгтгэсэн G77 бүлгийн уулзалтыг сурвалжилж байна. Үзэгч та бүхэнд танин мэдэхүйн мэдлэг, мэдээллийг олгох үүднээс уулзалтыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчидтэй ярилцлаа. Куба улсын талаар сэтгүүлч, тоймчид ямар бодол тээж, хэрхэн дүгнэсэн талаарх товч яриаг үзэгч та хүлээн авна уу.
25 дугаар телевизийн тоймч Х.Уламбаяр:
Юун түрүүнд үзэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Куба улсыг ийм халуун гэж огт төсөөлөөгүй. Одоо бол мөстэй хүйтэн устай л нөхөрлөж байна. Миний хүлээлтээс давсан маш сайхан улс орон байсан нь сэтгэл хөдөлгөлөө. Хүн олон нь найрсаг, үргэлж инээмсэглэсэн сайхан хандлагатай байгаа нь харагдаж байна.
ХАВАНАГИЙН ШӨНИЙН ХОТООР БҮЖИГЛЭЖ, ХУУРДАХ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД КУБА УЛСЫН НЭГ ОНЦЛОГ БАЙЛАА
Эдийн засаг, айл өрхүүдийнх нь амьжиргаа, сарын орлого гэх мэт өнцгөөс нь харвал, аливаа улсад муу, сайн холилдож л оршдог. Хавана хотын амьдралыг бид нүдээрээ харж байна. Ард иргэдийнх нь амьдрал харилцан адилгүй л байдаг юм байна. Өдөр хоногоо аргацааж, яаж амьдрах вэ гэсэн хэсэг хүмүүстэй ч олон таарлаа. Миний хувьд бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн тогтолцоог ойлгохгүй л байна. Жишээ нь гараад жижиг савтай ус авлаа гэхэд 150 песо байх шиг байна. Гэтэл зарим газраас огт олдохгүй эсвэл маш үнэтэй байдаг. Нутгийн хүмүүсээс асуухад энэ мөнгөн дүнгээс хямд байдаг л гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл зах зээлийг нь ойлгоогүй. Магадгүй нэг сарын дараа ойлгож эхлэх байх. Хүмүүсийн тухайд маш гал цогтой дэврүүн, тайван хүмүүс байна. Монголчуудтай ойрхон зүйл нь их найрсаг юм. Куба охид бүсгүйчүүд их онцлог санагдлаа. Испани цустай, дээр нь уур амьсгал нь нөлөөлж байгаа байх. Үргэлж л бүжиглэж харагдах юм. Хаванагийн шөнийн хотоор явахад бүсгүйчүүд бүхий л бүжгийг хийж байна. Үүнээсээ шалтгаалдаг байх л даа, бие галбирын өгөгдөл үнэхээр сайхан байна.
ТV5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат:
Куб улсад ирээд хамгийн сайхан санагдсан зүйл гэвэл хүмүүс их гоё найрсаг харилцаатай юм байна. Царай төрх нь ч сайхан юм. Биеийн хөгжил нь ч сайхан юм. Том том биетэй залуусаас юм асуухаар инээмсэглээд л, эргээд тааралдсан ч санаа тавьж, хайж байгаа газраа олсон эсэхийг асууж байна.
Газар зүйн байрлал цаг агаар нь өшөө илүү хөгжилтэй байх боломжийг энэ улсад олгож байгаа ч АНУ-ын хорио, нийгмийн байдлаас улбаалан их хэцүү байгаа хэсэг бүлэг хүмүүс ч харагдаж байна. Дэлхийд “Кока кола” зардаггүй хоёрхон улсын нэг нь шүү дээ.
ЖИЖҮҮР НЬ ХҮРТЭЛ АНГЛИАР ЯРЬЖ БАЙГАА "НАЙРСАГ" КУБА УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС СУРАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА
Нөгөө талаар эдийн засаг худалдааны эрх чөлөө гэж юу байдгийг Куба улсад ирээд илүү мэдэрч байна. Эрх чөлөө ямар чухал юм бэ гэдгийг эндээс харлаа. Энд хувийн дэлгүүр гэж огт байдаггүй юм байна. Тооцоогоо зөвхөн картаар хийхийг шаардаж байгаа юм. Дэлгүүрийн лангуунд 5-8 төрлийн л бараа байгаа нь манай 1990 оны үетэй адилхан санагдлаа. Дэлгүүрийн лангуунд давс, талхнаас өөр зүйл байгаагүй үе бидэнд байсан шүү дээ. Эндхийн дэлгүүрт хамгийн гоё зүйл нь чипс л байна. Их сонин мэдрэмж авлаа. Куба улс био технологи, анагаах ухаан, аялал жуулчлалын салбараараа хөгжсөн. Навчин тамхи, ром дарс гэх мэт зүйлээрээ мөнгө олдог нь анзаарагдаж байна. Аялал жуулчлалын тухайд бидэнд сурах зүйл гэвэл, жижүүр нь хүртэл англиар ярьж байна. Бидний хувьд аялал жуулчлал гэхээр мөнгө олох гээд улайраад байдаг. Гэтэл тэр чухал биш аялж байгаа хүмүүст эерэг сэтгэгдэл үлдээх найрсаг хандлага тун чухал юм байна. Манайх хоёр сая жуулчин авчирна гэх том зорилгыг тавьж ажиллаж байгаа. Дөрвөн сая жуулчин хүлээж авдаг энэ улс гол нь аялагчдадаа эерэг сэтгэгдэл төрүүлдэг юм байна. АНУ-ын 1950-1960 оны машин энд л байна шүү дээ.