ОХУ-ын ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч нарын уулзалт энэ долоо хоногт ОХУ-д болсон. Тэд ОХУ-ын 2016 онд баригдсан “Восточны” сансрын буудалд уулзсан юм. Хоёр удирдагчийн уулзалт зэвсгийн яриа хэлэлцээ, сансрын технологийн хөгжил зэрэг олон сэдвийн хүрээнд болсныг хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл тэд хоорондоо бэлэг солилцсоныг Кремлээс мөн мэдээллээ. Тодруулбал, Ким Жон Ун болон В.Путин нар винтов буу бие биедээ бэлэглэсэн аж.
ОХУ-ын ерөнхийлөгч ан хийх дуртай гэдэг нь өмнөх олон гэрэл зургуудаас нь харагддаг. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун-д сансрын нисгэгчийн бээлий өгсөн гэнэ. Уг бээлий нь хэд хэдэн удаа сансарт хөөрөхөд хэрэглэгдэж байжээ. Тэд нийт 5 цаг гаруй ярилцсан бөгөөд анх уулзахдаа 40 секунд орчим гар барьсныг хэвлэлүүд тодотгож байна. Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч В.Путиныг Пёньянд айлчлахыг урьсан юм. ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров БНАСАУ-д 10-р сард айлчлах төлөвлөгөөтэй байгаа ба түүний дараа В.Путины айлчлалыг товлож магадгүй байна.
Эх сурвалж: AL JAZEERA