Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхааралд өртөж, шүүмжлэл дагуулсан онцлох сэдвээс танилцуулъя.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ УЖГИРСАН, УГСАА ЗАЛГАМЖИЛСАН КАСТЫН СИСТЕМИЙГ УСТГАХ НЬ ЗӨВ
Монгол Улсад угсаа залгамжилсан Кастын систем жинхэнээсээ бий болж ирснийг Эрдэнэт үйлдвэрт өрнөж байгаа үйл явдал харууллаа. Тус үйлдвэрийн ажилчид ажил хаяж, тодорхой шаардлагуудыг удирдлагууддаа тавилаа. Тэдний шаардлагыг харвал “Цалинг 50 хувиар нэмэгдүүл. Тэтгэвэртээ гарсан ажилтнуудын хүүхдийг шууд ажилд ав” хэмээн шахалт үзүүлж байгаа юм. Тэдний хариуд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон мэдэгдэл гаргалаа. Тэрээр цалинг 2024 оноос 15 хувиар нэмэх боломжтой. Аав ээжийнхээ нэрийг барьж, хүүхэд нь шууд ажилд ордог завхрал арилах ёстой гэсэн агуулгатай мэдэгдлийг гаргасан юм.
Сони: Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүсийн хүүхдийг шууд ажилд авдаг байжээ. Дотоод журмаар заасан энэ заалтыг тус үйлдвэрийн одоогийн дарга нь цуцалсан байдаг. Өөрөөр хэлбэл, ажилд орох бол гагцхүү сонгон шалгаруулалтаар орох ёстой гэсэн зарчмын, хуулийн дагуух шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэл үе удмаараа Эрдэнэтийг эзэгнэж ирсэн дарга нар нь ажилчдаа турхирч, ажил хаялт зарлалаа. Эндээс харвал, Монголд ялзарсан, ужгирсан, Кастын систем тогтжээ гэж л харж болохоор байгаа юм. ТӨҮГ-т хэн ч хуулиас давж, танил талаараа шургалах ёсгүй юм. Тиймээс Эрдэнэтийн даргын мэдэгдлийг олон нийт дэмжиж, цахим орчинд бухимдлаа илэрхийлсээр байна.
НҮҮРСНИЙ ГЭХ УЛСТӨРЧИД ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Монголын нүүрсний хулгайч гэгдэх улстөрчид шалгуулах зуураа нэгнээ дуудаж, “Би ганцаараа хулгайч биш” хэмээн хашгирах боллоо. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг энэ 7 хоногт болсон. Энэ үеэр Б.Ганхуяг “Би яривал олон хүний зүрх зогсоно” гэж мэдэгдлээ. Түүний хувьд Увс аймгийн Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарсан асуудалд буруутгагддаг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нэрийг ч шүүх танхимаас цохож дурдлаа.
Түүнчлэн, Б.Ганхуягийн ХЭҮК-т хандсан захидал ил боллоо. “Намайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрчид зориудаар хэлмэгдүүлж, улстөрийн хоригдол болголоо” гэж захидалдаа дурдсан байна. Тэгвэл Б.Ганхуягийг ямар асуудлаар буруутгаж байгаа вэ гэдгийг үзэгч танд эргэн сануулъя.
2022 оны 12-р сарын 8-ний үүрээр Б.Ганхуягийг хуулийнхан гэрээс нь баривчилсан байдаг. Ингэхдээ түүний эхнэр, эгч, гээд хамаарал бүхий нийт 7 хүнийг саатуулсан байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Ганхуягийг хувийн хэвшлийн компанид 715 тэрбум төгрөгийн гэрээг шууд олгож, үүнийхээ хариуд 7,5 тэрбум төгрөгийн авлига авсан. Үүгээр Нүхтийн аманд тансаг орон сууц барьсан хэргээр шалгаж байна. Түүнчлэн, эхнэрийнхээ компаниар дамжуулан 2 тэрбум төгрөгийн авлига авч, тэр мөнгөөрөө олон тооны орон сууц худалдан авсан асуудалд холбогдуулан шалгаж байна. Ямартай ч хулгайн хэрэг шүүх дээр очлоо. Одоо шүүх бүрэлдэхүүн хэрхэн шийдвэр гаргах вэ гэдгийг олон нийт чих тавин хүлээж байна.
1 ХУВИЙН ШИМТГЭЛ БА ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Улсын дээд шүүх нэгэн чухал шийдвэрийг энэ 7 хоногт гаргалаа. “Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй, хууль бус” гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэснээр иргэд арилжааны банкинд орон сууцны зээл авахдаа төлсөн 1 хувийн шимтгэлээ буцаах авах уу гэдэг асуудал яригдаж байна. Хуульч О.Батхүү энэ асуудлаар тайлбар өгсөн юм.
Харин Монголбанкны холбоо үүний хариуд “Бид ямар ч шимтгэл буцааж олгох үндэслэл байхгүй” хэмээн тайлбар гаргалаа. Харин нэр бүхий хуульчид “Банкууд буруугаа хүлээн зөвшөөр. Шүүхийн шийдвэр биелүүл хэмээн шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, банкууд нэгэнд авах ёсгүй мөнгөө иргэдээс авчихсан учраас буруугаа хүлээ гэдэг байдлаар асуудлыг тайлбарлаж байна.
Видеог дээрээс үзнэ үү.