Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой нийт 1503 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73.7 хувийг ахуйн гал түймэр, 395 буюу 26.3 хувийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаа юм. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага таван хувиар өсөж, ахуйн гал түймэр 14.1 хувиар буурсан байна.
Аяныг Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоо, гэр хорооллын хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа юм.