Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзлаа.
Энэ үеэр оюутнууд Ерөнхийлөгчид бэрхшээлээ учирлаж, Куба улсын засгийн газар сар бүр 1-2 долларын амьжиргааны зардал өгдөг нь хэцүү байгааг хэлсэн юм. Куба улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудад Монгол улсын засгийн газраас сар бүр амьжиргааны зардалд 200 доллар олгохоор болж, асуудлыг газар дээр нь шийдлээ. Куба улсын нэг хүний сарын дундаж орлого 25-40 доллар байдаг тул сар бүрийн 200 долларын дэмжлэг хангалттай хүрэх талаар оюутнууд ярьсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр боловсрол эзэмшин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө эрдэм номд хичээнгүйлэн суралцахыг оюутнуудад захилаа.
2023 оны байдлаар БНКУ-д 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна.