"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийн ажилтнууд өнөөдөр ажил хаялт зарлажээ.
Өглөөний долоон цагаас эхлэн нэг сарын хугацаанд "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийг хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай наймдугаар сарын 23-нд мэдэгдэж байсан.
Үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тэрээр “Монгол улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид уурхайчид та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.
Та бүхэнд өглөөний мэнд хүргэж байгаа боловч нөгөө талаас үйлдвэрийн зарим цех хэсгүүдэд ажил хаялт зарлаж байгаа энэ нөхцөл байдалд та бүхэнд Ерөнхий захирлын хувьд хандаж байна.
Миний хувьд 2019 оноос хойш ээлжийн амралт эдлээгүй байсан тул эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа "Эрдэнэс Монгол" ХХК-д тайлагнаад, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрт зохион байгуулсан удирдах ажилтны зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа тайлагнасны дараа тодорхой хугацаанд ээлжийн амралтаа эдлэх зөвшөөрөл авсан. Би наймдугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Энэ үед ажил хаялт зарлах талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл гаргасан. Ээлжийн амралттай байсан учраас энэ үеийн эхний өдрүүдэд байгаагүй гэдгийг хэлье.
Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг үргэлжлүүлж, хамтран баталсан дэгээ нарийвчлан сахиж, мөрдөж байсан. Хамтран баталсан дэгийн дотор тодорхой заалт, ойлголт байсан бөгөөд энэ хэлэлцээрт боломжтой бүх арга хэмжээг аваад үнэхээр мухардалд орсон тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахаар ярилцсанаас гадна хэлэлцээрийн явцад талуудаас гаргасан саналыг гадагшаа гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс нарийвчлан сахиж ажилласан учир өнөөдөр ажил хаялт зарласан тухай мэдэгдэл гартал ямар нэгэн байдлаар цахим хуудаст нийтлээгүй.
Үүнээс гадна өчигдөр орой гаргасан уриалгад ямар нэгэн дарамт шахалт, ажилтнуудыг хориглосон зүйл байхгүй бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хийж байгаа ажил хаялтыг үйлдвэрийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байна. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ хууль бус гэж байна бидний зүгээс. Энэ ажил хаялтад оролцсон ажилтнуудын хувьд шүүхээр хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тодорхой хэмжээний сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учраас ажил олгогчийн зүгээс ажилтнууддаа анхааруулах үүднээс уг уриалгыг гаргасан.
Ж.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэж хэлж байна. Энэ нь үндэслэлгүй гэдгийг зүйл гэдгийг хэлмээр байна. Дэгийн дагуу үйлдвэрийн зүгээс зургаан удаа хуралдаж, маш олон асуудалд хамтарсан зөвшилцөлд хүрч байсан бөгөөд зөвхөн үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдэг асуудлыг үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр зөвхөн үүгээр явна гэсэн үндэслэлээр өөрсдөө хурлын дэгээ зөрчиж, хурал орхиж гарсан. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн зүгээс аргагүй байдалд өөрсдийнх нь гаргасан хууль зөрчсөн үйлдлүүдийг цохон тэмдэглэж, шүүхэд хандсан.
Ж.Мөнгөншагай нь 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан бүх хүний мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тухайн үед анхааруулж, мэдэгдэл гаргаж байсан. Мөн Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсоных нь дараа Ерөнхий инженер, Ерөнхий захирлын зүгээс тамгын газрын даргаас Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллаж, бүх ажилтнуудынхаа төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан.
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалин нэмэгдүүлэх хүсэлт тавьсан учраас бидний зүгээс 2024 онд 15 хувиар, 2025 онд 15 хувиар, 2026 онд 15 хувиар цалинг шат дараатайгаар нэмэх саналыг албан ёсоор тавьсан. Энэ нь хэдийгээр 45 хувь нэмэгдэж байгаа ч өмнө нь нэмэгдсэн хувь бодоод үзвэл нийт гурван жилийн хугацаанд 56 хувиар нэмэгдэж буй тооцоог гаргаж, танилцуулсан. Гэвч хэлэлцэж буй Үйлдвэрчний эвлэлийн гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ямар нэгэн тооцоо судалгаа хийж, хариу тайлбар өгөөгүй. 50 гэдгээс өөр тоо мэдэхгүй юм шиг 50 хувиар л нэмнэ, өөр арга байхгүй гэж хурлыг хаяж гарсан. Бидний тавьсан санал одоо ч хэвээрээ байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.