Франц улсад байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгаас нь болж нэг удаагийн электрон тамхийг хориглохоор болжээ. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Элизабет Борн РТЛ радиод өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд уг хориг нь засгийн газраас танилцуулж буй тамхины эсрэг төлөвлөгөөний нэг хэсэг юм байна. ХБНГУ, Бельги, Ирланд ч мөн адил хориг арга хэмжээ хэдийн авсан ба Их Британи ч мөн энэ талаар хэлэлцэж байгаа аж.
Францын Үндэсний Анагаах Ухааны Академиас электрон тамхийг “хүүхэд, өсвөр насныхныг онилсон урхи” гэж шүүмжилж байна. Мөн электрон тамхины эсрэг кампанит ажил өрнүүлэгчид эдгээр тамхины дийлэнх нь Хятадад үйлдвэрлэгддэг бөгөөд тэд элдэв өнгө, амтаар далимдуулж хүүхдүүдийг уруу татаж байгааг анхааруулдаг.
“Тамхины эсрэг эвсэл” байгууллагаас мэдээлснээр 13-16 настай хүүхдүүдийн 13 хувь нь дор хаяж нэг удаа электрон тамхи татаж үзсэн байдаг гэнэ. Тэдний ихэнх нь 11 эсвэл 12 настайдаа туршиж үзсэн байжээ. Тус байгууллагын тэргүүн Лоик Хоссеран “Энэ асуудал тахлын хэмжээнд хүрлээ.
Тамхины зах зээл хүүхдүүдийг онилж байгаа нь үнэхээр аймшигтай хэрэг юм” гэжээ. Угтаа 18 нас хүрээгүй бол электрон тамхи худалдаж авах хориотой байдаг ч хүүхдүүд худалдаж авах аргаа “асуудалгүй” олдог байна.
Мөн цахим тамхины эсрэг кампанит ажил хийдэг хүмүүсийн мэдээлснээр долоо хоногт нэг сая гаруй нэг удаагийн электрон тамхи хаягддаг. Тиймээс энэ нь байгаль орчинд ч их хэмжээний хор уршиг үзүүлдэг байна.
Эх сурвалж: BBC