“Өсвөрийн аврагч 2023” тэмцээний талаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл ЕБС-иудынхаа дунд, ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн аврагч тэмцээнийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. 2021 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл шинээр байгуулагдсан. Энэ зөвлөлийн даргаар дүүргийн ИТХ-ын дарга ажиллаж байна. “Өсвөрийн аврагч” тэмцээнд олон сургууль тамирчдаа маш сайн бэлдэж оролцуулж ирсэн. Сүүлийн хоёр жилд орон нутгийн зөвлөл маань тэмцээнийг гардан зохион байгуулж байна. Өсвөрийн аврагчдыг бэлдэхэд хамтран ажилладаг Сонгинохайрхан дүүрэг дэх Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Ерөнхий зохион байгуулагч Онцгой байдлын хэлтсийнхээ нийт бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье.
Сурагчид тэмцээнд оролцсоноор байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн ослоос хувь хүн өөрийгөө болон хайртай дотны хүмүүс, найз нөхөд, хамт олноо хамгаалах гээд маш олон ач холбогдолтой. Тэмцээний үеэр сурагчдад сургалт ордог учраас хүүхдүүд маань маш сайн бэлтгэгдэж гардаг.
Түүнчлэн, гар утас, таблетанд донтох асуудал сурагчдын дунд их болсон байна. Тиймээс тэдний багаар ажиллах чадамжийг нь нэмэгдүүлэх, хамт олноороо багийн үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулах гээд маш олон чадамжуудыг үүний цаана суулгаж өгдгөөрөө онцлогтой. Цаашид бид "Өсвөрийн аврагч"-аас гадна, “Бяцхан аврагч” нэртэй тэмцээнийг цэцэрлэгүүдийнхээ дунд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил Нийслэлд бороо, гэнэтийн үе усны асуудал их байлаа. Газар хөдлөлтийн давтамж маш их нэмэгдлээ. Тийм учраас ойр дотны хүмүүстээ анхны тусламж үзүүлэх чадамжтай болгох зорилготойгоор ирээдүй, хойч үеэ бэлдэж байгаа чухал уралдаан байдаг юм.
Сүүлийн үед уралдаанд маань боловсролын байгууллагууд хүүхдүүдээ маш сайн бэлтгэж оролцож байна. ЕБС-ийн удирдлагууд маань багаа маш сайн бэлтгэж оролцуулж байна. Зохион байгуулалт, хувцас жигдрэлтийн хувьд ямар байна гэх мэтээр тусгай багш гаргаж бэлтгэж байна. Энэ нь үр дүнтэй ажил болж байна.
2023 оны “Өсвөрийн аврагч” тэмцээн маань есдүгээр сарын 22-нд болно. Тэмцээнд ЕБС-ийн захирлууд, дүүргийн боловсролын хэлтэс нэлээн ач холбогдол өгч, сайн бэлдэж, ялангуяа, улсын сургуулиуд маань бүгд идэвхтэй оролцвол сайн байна. Тэр хэмжээгээр оролцож байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж, анхан шатан дээрээ маш олон өсвөрийн аврагчдыг бид бэлдэж чадна.
Өнгөрсөн хугацаанд амжилттай оролцсон сургуулиудын эмэгтэй сурагчдын маань зарим нь ирээдүйн мэргэжлээ зоригтойгоор сонгочихсон “Би аврагч болно” гэж ярьж байна. Энэ мэтчилэн цаашид энэ салбарыг, онцгой байдлын албыг сонгох маш олон хүүхэд, ирээдүй байгаа гэдэгт бид бүхэн маш их итгэлтэй байгаа. Түмний төлөөх үйлсэд нь амжилт хүсье. Тэмцээндээ амжилттай оролцоорой. Өгсөн даалгаврын дагуу баг хамт олноо сайн бэлдэж ирэхийг та бүхэндээ уриалж байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.