MTV VMA бол хөгжмийн салбарын шилдгүүдийг тодорхойлдог томоохон наадмуудын нэг. Энэ жилийн хувьд дуучин Тэйлор Свифт хамгийн олон номинацид нэр дэвшиж, хамгийн олон шагнал авсан уран бүтээлчээр тодорлоо. Тэрбээр нийт есөн шагналын эзэн болсон ба “Оны шилдэг уран бүтээлч”,”Шилдэг поп дуу”,”Шилдэг дууны клип” зэрэг шагналуудын эзэн болсон байна.
Ингэснээр Тэйлор Свифт Мадонна болон Биёнсэ зэрэг уран бүтээлчдийн амжилтттай зэрэгцэж байгаа юм. Түүний шагналыг алдарт NSYNC хамтлаг гардуулсан ба дуучин бүсгүй тэднээс поп хөгжмийн үлгэр дууриалал авдаг байснаа хуваалцжээ. Түүнчлэн дээрх шагналуудыг шүтэн бишрэгчдийн санал дээр үндэслэн гаргадаг тул дуучин бүсгүй нийт шүтэн бишрэгчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийллээ.
Түүний дэлхийг тойрсон “Эрас” аялан тоглолт нь энэ жилээс мөн эхэлсэн ба Америкийн эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон тоглолтын тоонд зүй ёсоор бичигдээд буй.