77 жилийн түүхтэй, Монгол улсын хүнсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК нь 1946 онд “Боловсон Мах Комбинат” нэртэйгээр үйл ажиллагаа эхлүүлж, улмаар 1968-1972 онуудад тухайн үед БНАГУ-ын тусламжтайгаар хоёр дахь удаагаа томоохон шинэчлэл хийж байсан. Тэгвэл тус хамт олонд 2023 онд үйлдвэрлэлийнхээ цар хүрээ, чанар, стандартыг улам өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн цоо шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж байна. Тус компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран олон улсын чанар стандартад нийцэх HACCP үйлдвэрийн шинэ төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр “Мах импэкс” ХК-ийн удирдлагууд 98 жилийн түүхтэй BERTSCH-Laska компаниас шинэ үйлдвэрийн түлхүүрээ гардан авлаа.
Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, шинэ жишиг нэвтрүүлсэн уг үйлдвэр нь АЗИ ТИВД НЭЭГДСЭН ӨНДӨР СТАНДАРТЫН ДӨРӨВ ДЭХ ҮЙЛДВЭР болж байна.
“Мах импэкс” ХК-ийн шинээр ашиглалтад оруулж буй үйлдвэр нь хоногт 50 тонн бүтээгдэхүүн ( бүх төрлийн хиам, зайдас, салями, хагас боловсруулсан, хөлдөөсөн бүтээгдэхүүн (банш, бууз, пицца, ази бэлэн хоол гэх мэт), утлагат бүтээгдэхүүн) үйлдвэрлэх хүчин чадалтай.
Тус үйлдвэр түүхий утлагат салями, беконыг шарах төхөөрөмжийг МОНГОЛД АНХЛАН үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. Ингэснээр хэрэглэгч та бүхэн импортыг орлох мах, махан бүтээгдэхүүн, дэлхийн амтыг эх орондоо мэдэрч, дотоодоосоо худалдан авах боломж бүрдэж байна.
Шинэ үйлдвэрийн технологийн онцлог тал нь Герман улсад үйлвэрлэгдсэн дэлхийд тэргүүлэгч BASTRA брендийн олон үйлдэлтэй /чаналга, шарлага, утлага, жигнэлт/ бүхий камерууд, мөн чаналгын тогоонууд, түүхий утлагаар хатаасан мах, хиам үйлдвэрлэх өрөө, бүтэн болон хагас утлагат хиам үйлдвэрлэх зориулалтын дагуу хэм, чийгшил тохируулагч бүхий өрөөнүүдтэй. Энэхүү үйлдвэр нь ISO: 9001, ISO:22000, HACCP стандартыг мөрдөж ажиллах юм.
Түлхүүр гардан авах ёслолын үеэр “Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн захирал Б.Бадмаа “Манай үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 41 тонн боловсруулсан бүтээгдэхүүн, 10 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн “Мах импэкс” ХК-ийн үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна, түүхий утлагат буюу хатаасан, төрөл бүрээр утаж боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэж байна
Манай улсын дотоодын зах зээлд өдөрт 37 орчим тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгддэг. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй, экспортод гаргах боломж бүрдэж байна. Бид ойрхи Дорнодын улсууд болон зэргэлдээх хөрш улсуудын хүнсний зах зээлд “Мах импэкс”-ийн бүтээгдэхүүн байршина гэдэгт итгэлтэй байгаа. Экспортын төлөвлөгөөний хүрээнд оллон улсын түншүүд маань консалтинг хийж эхэлсэн. Түүнчлэн, хамтрагчидтайгаа франчайзингийн эрхийн талаар ярилцаж байна. Юун түрүүнд бүтээгдэхүүнээ Солонгос, Хятадын зах зээлд гаргахаар бэлтгэж байна” гэлээ.
Цаашид “Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laskа компанитай хамтын ажиллагаагаа үргэлжүүлж, 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хүнсний зориулалтын хөргөлттэй агуулах, мөн 40 тоннын багтаамжтай махыг хорогдолгүй гэсгээх, мах ангилан сортлох үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Видео сурвалжилгыг дээрээс хүлээн авч үзнэ үү.