Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээгээр нэг бөхөөс хориотой бодис илэрснийг салбар хорооноос нь мэдээлсэн.
Энэ асуудлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрээр “Допингийн шинжилгээ авах процесс тэр чигтээ хууль, хяналтын байгууллагын хатуу хяналт дор явагдсан. Ямар нэгэн байдлаар солих боломжгүй. Энэ бөхчүүд өөрөө өөрийнхөө асуудалд хариуцлага хүлээж сурмаар байна. Ийм ёс зүйгүй, аль нэг байгууллагыг буруутгадаг байж болохгүй. Үүнд ард иргэд талцаж, хуваагддаг байж болохгүй. Үнэхээр шээс сольдог асуудал байвал баримттай гаргаж ирээд ярих ёстой.
Би сүүлийн хоёр жил уг асуудлыг хариуцаж байна. Ийм зүйл байх ямар ч боломжгүй.
Түрүүлж амжилтад хүрэхийн тулд янз бүрийн башир арга хэрэглэчхээд, энэ нь илчлэгдэхээр иргэдийг худал мэдээлэлд талцуулж, нутаг усаараа хуваагддаг, “би л хэлмэгдэх гээд байна” гэдэг зүйл явахаа больсон.
Ёс жудаггүй, нэгнээсээ түрүүлж амжилтад хүрэхийн тулд, бусдынхаа амжилтыг хорлохын тулд башир арга хэрэглэчхээд, эдний үгэнд итгэж төрийн наадамд тоглуулаад явсаар байх уу” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.