Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ ирсэн саналуудаас нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр баталгаатай эсэхийг харгалзан үзжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулгын үеэр нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна гэдгийг онцолсон юм.